Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт амбулаторийн 3 ээлжийн 62 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, техникч, жолооч нар маань Архангай аймгийн 13 суманд “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг”-ийг 80 гаруй хоногийн хугацаанд зохион байгуулж, нийт 5898 иргэнийг хамруулсан байна.
Үзлэг хийгдсэн 13 сумын дүнгээр тус аймагт зонхилж байгаа өвчлөлийг авч үзвэл зүрх судасны эрхтэн тогтолцооны эмгэг (артерийн даралт ихсэх өвчин), хоол боловсруулах тогтолцооны эмгэг (ходоодны архаг үрэвсэл, ходоод улаан хоолойн сөөргөө, шүдний эмгэг), элэгний В болон С вирусийн халдварын тохиолдол, дотоод шүүрлийн тогтолцооны эмгэг (бамбайн булчирхайн зангилаа болон уйланхайт өөрчлөлт), мэдрэлийн тогтолцооны эмгэг (бүсэлхий нурууны ёзоорын эмгэг, толгойн өвдөлт) гэсэн 5 төрлийн эрхтэн тогтолцооны эмгэг болон өвчлөл өндөр гарчээ.
Мөн үзлэгийн явцад хавдрын болон хавдрын урьдал эмгэгийн 93 тохиолдол бүртгэгдсэнээс элэгний хавдрын 4, умайн хоргүй хавдрын 59, өндгөвчний хавдрын 16, ходоод улаан хоолойн хавдрын урьдал эмгэгийн 14 тохиолдол байгаа нь зайлшгүй анхаарах асуудал гэдгийг илтгэж байна.