Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 29 дэх жилдээ зохион байгуулж байгаа хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуаси Комлан болон ЭМЯ, ХӨСҮТ-ийн төлөөлөл оролцов.
Хэвлэлийн бага хуралд оролцсон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Др.Сокорро Эскаланте улаанбурхан, улаанууд өвчний зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөртэй байгаа тохиолдолд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өвчний тандалтыг цаг алдалгүй сайн хийхэд нэн шаардлагатай лабораторийн хүчин чадлыг сайжруулахад анхаарч дэмжлэг үзүүлж ажиллана гэв.
НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуаси Комлан олон улстай харьцуулахад дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийн тоо харьцангуй цөөн хэдий ч улаанбурхан хаалга тогшиж буй энэ цаг үед хаа хаанаа онцгой анхаарч ажиллах шаардлага байгаа гэв. 2019 оны дэгдэлтийн эсрэг Хүүхдийн сан ЭМЯ-тай үр дүнтэй хамтран ажиллаж чадсаны үр дүнд улаан бурхан өвчнөөс олон хүүхдийг хамгаалж сэргийлж чадсан.
Энэхүү туршлагадаа үндэслэн энэ удаад ч мөн вакцины хангалт, дархлаажуулалт хийх орчин нөхцөл, хяналтыг сайжруулах, вакцины хүйтэн хэлхээг дэмжихэд онцгой анхаарч Хүүхдийн сангийн санхүүжилтээр нэмэлт дархлаажуулалтад шаардлагатай 450 мянган ам.долларын үнэ бүхий вакциныг Монголд оруулж ирснийг дуулгалаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн тав хүртэлх насны хүүхдийн өндөр тунт А амин дэмийг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд түгээж байгаа ажээ.
Эрүүл мэндийн сайдын 2023 оны тавдугаар сарын 26-ны А/188 дугаар тушаалаар энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор 10 сартайгаас 8 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар зохион байгуулж буй юм.