Ой тогтоолтын Дэлхийн аварга, Олон улсын хэмжээний их мастер, Гиннесийн дээд амжилт эзэмшигч ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар өчигдөр их сургуулиа төгсөж дипломоо хамт гардлаа.
Өөрсдийн цахим хуудаснаа, "Дэлхийн шилдэг их сургуулиудын 12 дугаарт эрэмбэлэгдэж буй Бээжингийн их сургууль (Peking university)-ийг хамтдаа төгсөж байна. Энэ бүх хугацаанд хичээл сургуулийнхаа хажуугаар олон улс, тив дэлхийн томоохон тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн амжилттай оролцжээ. Хичээл сурлага, оюуны спортоо хоёуланг нь тэнцвэртэй авч явах хэдий амар байгаагүй ч асар их ачаалалтай тэр өдрүүдийг амжилттай даван гарчээ. Бичсэн судалгааны ажлууд маань “Шилдэг Диплом” гэх өндөр үнэлгээг авч төгсөж байгаадаа баяртай байна" хэмээн нийтэлжээ.
Тэд хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард болсон БНХАУ-ын хамгийн олон үзэгчтэй Jiangsu телевизийн “Super brain” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, ялалт байгуулсан билээ.