Долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэж байгаатай холбогдуулан ХНХЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Хишигбаяр итгэлцүүрээр тэтгэврийн зөрүүг хэрхэн арилгаж байгаа талаар ярилаа.
Тэрбээр, “Тэтгэврийн зөрүүг ойртуулах буюу тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг Засгийн газрын тогтоолоор бид батлуулсан. Монгол Улсад 1995 оноос хойш энэхүү тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг зургаан удаа шинэчилж байсан. Хамгийн сүүлд 2014 онд шинэчилсэн.
Энэ хүрээнд эхлээд итгэлцүүрээ өөрчилж, тэтгэвэр авагчдын хэмжээг өөрчлөн тогтооно. Үүний дараа бүх тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 10 хувиар өсгөнө. Дундаж тэтгэвэр одоогоор 550 мянган төгрөг байгаа. Тэгвэл нэмэгдсэнээр 630 мянган төгрөг болж өөрчлөгдөх тооцоотой байна” гэв.
Тэтгэврийн өөрчлөлтийн мэдээллээ www.ndaatgal.mn-ээр шалгах боломжтой.