Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 32805 эх амаржиж, 33 004 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 2761-ээр, хүүхдийн тоо 2784-өөр буюу тус бүр 9.2 хувиар өсжээ.
Мянган хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеийнхээс 0.7нэгж хувиар өссөн байна. Мянган хүнд ногдох төрөлт нийслэл болон Сүхбаатар, Орхон, Говьсүмбэр, Ховд, Увс, Баян-Өлгий аймагт улсын дунджаас 0.2-2.3 нэгж хувиар дээгүүр, бусад аймагт 0.1-4.7 нэгж хувиар доогуур байна.
Тухайлбал мянган хүнд ногдох төрөлт Төв аймагт 4.8 нэгж хувь буюу хамгийн бага байгааг Үндэсний статистикийн хорооноос гаргадан нийгэм, эдийн засгийн тайланд тэмдэглэжээ.
Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар нас баралт 8 613 болж өмнөх оны мөн үеээс 203 (2.3 хувь)-аар буурчээ. Мянган хүнд ногдох төрөлт 9.5, нас баралт 2.5, ердийн цэвэр өсөлт 7 байна. Мянган хүнд ногдох нас баралт Дорноговь, Хөвсгөл, Баянхонгор, Төв, Завхан, Архангай, Булган аймагт улсын дунджаас 0.1-0.6 нэгжээр дээгүүр, Улаанбаатар хот болон Өвөрхангай, Сүхбаатар аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-0.5 нэгж хувиар доогуур байна.
Мянган хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Дорнод,Сүхбаатар, Өмнөговь, Говьсүмбэр, Орхон, Ховд, Увс, Говь-Алтай аймагт улсын дунджаас 0.1-2.5 нэгж хувиар дээгүүр, бусад аймагт 0.1-4.9 нэгж хувиар доогуур байгаа аж.