
Яавал хүү төрүүлэх вэ?
Орон оронд тэгвэл хүү гарна, ингэвэл охинтой болно гэсэн дом, домог маягийн зүйл өчнөөн байдаг байна. Эртний Хятадад толгойгоо хойд зүгт харуулж хэвтэж байгаад хийвэл хүү, өмнө зүгт харуулж байгаад хийвэл охин гарна гэдэг байжээ. Өндгөн эс, сперматозоид хоёрт юуных нь туйл байх билээ. Харин германчууд бороотой үед хийвэл охин , нартай цэлмэг өдөр хийвэл хүү төрдөг гэцгээдэг байна. Тэгэхээр Лондон мэтийн бороо их ордог газрынхан тэр чигээрээ эмэгтэйчүүдээр дүүрэн байх болж байгаа биз.
Дундад зууны Европт өв залгамжлах хүү төрүүлэхийг хүсвэл хурьцаж байх үедээ сүх гаргаж ирээд эхнэрийнхээ толгой дээр эргүүлж “чи надад хүү төрүүлж өг” хэмээн орилдог байжээ. Хөөрхий эмэгтэй, зүрх нь хаагдчихалгүй яаж тэсдэг байсан бол. Харин охин төрүүлэх эмэгтэй их азтай. Нөхөр нь эхнэртээ малгай өмсгөөд чихэнд нь хайрын үг шивнэдэг байжээ. Энэ мэт домог зөндөө.
Орчин үед ч гэсэн иймэрхүү домог маягийн юм ам дамжин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараагддаг. Эрэгтэй хүний цус 4 жил, эмэгтэй хүний цус 3 жил болоод шинэчлэгддэг учраас насыг нь 4 юмуу 3-т хуваагаад хамгийн бага үлдэгдэлтэйгийнх нь цус шинэ байгаа учраас тийм хүйсийн хүүхэд төрнө гэх мэт. Гэтэл эрэгтэй эмэгтэй ялгаагүй ямар ч хүний цусны эритроцитын амьдрах хугацаа 180 хоног байдаг гэдгийг мэдвэл ийм юманд итгэж байснаа бодоод хэний ч инээд нь хүрэх бизээ.
Ирээдүйн хүүхдийнхээ хүйсийг яаж төлөвлөх вэ?
Хүүхдийн хүйсийг төлөвлөх шинжлэх ухааны үндэслэлтэй арга
Дунд сургуульд биологийн хичээл үзсэн хүн болгон X, Y хромосом гэж юу болохыг мэдэх байх. Өндгөн эсүүд зөвхөн Х хромосомтой, харин сперматозоид буюу эр бэлгийн эс Х,Y хос хромосомтой байдаг. Тэгэхээр хүүхдийн хүйсийг зөвхөн эцгийнх нь хромосом л тодорхойлдог гэсэн үг. Хэрвээ үр тогтох мөчид өндгөн эс рүү Х хромосом нэвтэрч орвол ХХ буюу охин, Y хромосом нэвтэрч чадвал XY буюу хүү бүрэлдэнэ.
Тэгвэл өндгөн эс рүү ямар хормосомтой сперм нэвтэрч орохыг зохицуулж тохируулах арга бий юу? 100 хувийн магадлалтай биш ч гэсэн өндгөн эс гадагшлах /овуляци. Боловсорч хөгжил нь гүйцсэн өндгөн эс фолликулаас умайн хоолойд ялгаран гарах үзэгдлийг овуляци гэнэ./ хугацааг тооцоолох нь төрөх хүүхдийн хүйсийг тодорхойлох хамгийн үр дүнтэй арга юм. Энэ нь Х болон Y хромосом агуулсан сперматозоидуудын шинж чанар, бүтцэн дээр тулгуурласан арга бөгөөд эмэгтэй хромосом нь эрэгтэйгээс жингээр илүү, тиймээс ч эрэгтэй хромосомууд илүү хөдөлгөөнтэй, Mовсгоотой байдаг.
Өндгөн эс гадагшлах үед үтрээний орчин өөрчлөгддөг, 2-3 хоногийн өмнө ph нь хүчиллэг байдаг тул Y буюу хүү хромосомууд хүчиллэг орчинд тэсвэр муутай байдаг. Гэхдээ охин хромосомууд хүүг бодвол үтрээний эрсдэлтэй орчинд амьдрах чадвараар илүү байдаг. Үр тогтолт нь өндгөвчнөөс өндгөн эс гадагшлах үед явагддаг учраас түүнээс хэд хоногийн өмнө бэлгийн ажил хийсэн бол амьдрах чадвар сайтайгаараа үлдэж чадсан охин хромосомууд өндгөн эсэд нэвтэрч ордог учраас охин төрөх магадлал өндөр байна. Харин өндгөн эс гадагшлах чухамхүү тэр үед юмуу яг дараахан нь /маргаашаас нь хэтрэлгүй/ бэлгийн ажил хийвээс овсгоотой хүү сперматозоидууд сувгаар хурдан гэгч нь давхиж очоод өндгөн эсэд нэвтэрч үр тогтоодог. Өндгөн эс гадагшлах үеэр хүчиллэг буурдаг нь ч хөвгүүдийг тааламжтай орчинд зорилгоо хурдан гүйцэлдүүлэхэд нөлөөдөг байна.
Овуляцийг тодорхойлж хүү төрүүлэх энэ аргыг хэрэглэхийн тулд сарын тэмдгийн мөчлөг чинь тогтмол байх хэрэгт эй бөгөөд, хэд хэдэн мөчлөг дараалан шулуун гэдсээр халуунаа хэмжиж тэмдэглэх юмуу өндгөн эс гадагшлахыг тодорхойлдог түргэвчилсэн тест ашиглах, үтрээний шүүрлийн өтгөрөлтийг ажиглах, ЭХО-д харуулах хэрэгтэй. Эдгээр өгөгдлийг ашиглан өндгөн эс гадагшлах хугацааг тогтоосноор хүүхдийн хүйсийг 70-85 %-тай урьдчилан тодорхойлох боломжтой.
Овуляцийг тооцоолох аргууд
Сарын тэмдгийн мөчлөгөөр тооцоолох
Өндгөн эс гадагшлах хугацааг дараах томъёогоор тодорхойлж болно
Сарын тэмдгийн мөчлөг:2 /нэмэх хасах 2 хоног/
Хэрвээ сарын тэмдгийн мөчлөг 28 хоног бол 28:2=14 . Энэ нь сарын тэмдэг эхэлсэн өдрөөс хойш 14 дэх хоногт юмуу урагшаа, хойшоо 3 хоногт овуляци явагдана гэсэн үг. Чухамхүү энэ 6 хоногт эмэгтэй хүн жирэмслэх боломжтой. Гэхдээ сарын тэмдгийн тогтмол мөчлөгтэй эмэгтэйд ч гэсэн овуляци янз бүр тохиолдох боломжтой гэдгийг санахад илүүдэхгүй.
Шулуун гэдсээр халуун хэмжих арга
Бас шулуун гэдсээр халуунаа хэмжиж овуляци тодорхойлох арга бий. Өглөө эрт орноосоо босохоосоо өмнө шулуун гэдсээр халуунаа хэмжиж тэмдэглэнэ. Овуляци эхлэхэд прогестерон дааврын үйлчлэлээр бага тааз “халдаг” учир температур нь 37-37.3 градус хүртэл нэмэгддэг. Гэхдээ өглөөгүүр хурьцсан юмуу халуунтай үед, бас бага тааз орчимд үрэвсэл байгаа тохиолдолд температур мөн нэмэгдэх эрсдэлтэй.
ЭХО-гоор тодорхойлох арга
ЭХО-гоор харуулж тодорхойлж ч болох бөгөөд хэдийгээр энэ нь хамгийн үр дүнтэй арга боловч төлбөр их шаарддаг. Учир нь маш богино хугацаанд хэд хэдэн удаа ЭХО-д харуулах шаардлагатай болно.
Тестээр тодорхойлох арга
Бас нэг орчин үеийн бөгөөд гэрийн нөхцөлд овуляцийг тодорхойлох арга нь тестээр тодорхойлох арга юм. Энэ нь жирэмсний тесттэй төстэй бөгөөд шээсэнд дүрж үзнэ. 1 зураас гарч байвал овуляци болоогүй юмуу болоод өнгөрсөн, харин 2 зураас гарч байвал овуляци болсон болон болоод өнгөрснийг 2 хоногийн нарийвчлалтайгаар заадаг. Шээсэн дэх гормоны түвшинд нөлөөлөх хүчин зүйл олон, тэгээд ч нэг зэрэг нэг биш 2 фолликул оношлогдох эрсдэлтэй учир 100 хувийн найдвартай арга биш гэдгийг сануулахда илүүдэх юун.
Сэтгэгдэл (7)