
ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан тэргүүтэй албан хаагчид, ахмад үеийнхэн, хүүхдүүд багачууд Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө.
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Монголын хүүхдийн хөдөлгөөн, байгууллагын үндэслэгч Д.Нацагдорж (1906-1937)-д зориулсан хөшөөг 1966 онд Л.Махбалын зураг төсөл, Н.Жамбаагийн удирдлагаар Монголын урчуудын эвлэлийн хорооны Дүрслэх урлагийн баримлын тасгийн урчууд бүтээсэн юм.
Хөшөөнд Д.Нацагдоржийг гартаа цаас харандаа барин бүтээл туурвиж байгаа байдлаар дүрсэлж хөшөөний суурийн урд хананд “Миний нутаг” шүлгийн хэсгээс монгол бичгээр бичсэн. Суурийн хоёр талд “Учиртай гурван толгой”, “Од” шүлгийг дүрсэлсэн байдаг.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Энэхүү хөшөөнд үе, үеийн ахмадууд болон хүүхэд багачууд хүндэтгэл үзүүлж, жил бүрийн 05 дугаар сарын 08-ны өдөр цэцэг өргөх ёслол зохион байгуулдаг. 2025-05-08























































