
1925 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдорж Монгол Улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерын байгууллагыг үүсгэснээр одоогийн хүүхдийн байгууллагын түүхийн эхлэл тавигдан эдүгээ 100 жилийн ойтойгоо золголоо.
Хүндэтгэлийн арга хэмжээнд үе, үеийн хүүхдийн байгууллагад ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж буй монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн ажилтан албан хаагчид, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд, олон улсын байгууллага, төрийн болоод төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ хүндэтгэлийн арга хэмжээнд оролцогчдод баярын мэндчилгээ дэвшүүлж, түүхт 100 жилийн ойн хүрээнд Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсонг дуулгалаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд дарга Л.Энх-Амгалан энэ үеэр гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, үйлчилгээний тогтвортой үргэлжлэх чадавхыг нэмэгдүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг төрөлжүүлэх, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр хувийн түншлэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, хүүхдийн оролцоо, манлайллыг ханган ажиллана гэдгээ хэлж байв.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Бүхнийг хүүхдийн төлөө” илтгэлээ танилцуулж, салбарынхаа нийт албан хаагчид, ахмадууд, ТББ, ОУБ, МУ-ын Засгийн Газарт талархал илэрхийллээ.
Та бүхэндээ Хүүхдийн салбарын үндэс суурь тавигдсан энэхүү өдрийн халуун баярыг хүргэж, сайн сайхныг хүсье.
#ХҮҮХЭД_ХАЙР_ИРЭЭДҮЙ


























































