
Хүүхдийн эрхийн өдрийг угтан өнөөдөр ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан хүүхдийн Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага дээр ажиллаж, хүүхдүүдтэй уулзаж, мэргэжил сонголт, “Миний үнэ цэн” сэдвийн хүрээнд ярилцлаа. Одоогоор тус байгууллагад 45 хүүхэд хүмүүжиж байна. Б.Баярсайхан дарга дараах асуудлуудад анхаарал хандуулж, шийдвэрлэхээр болов.
- Цахим ном сонсоход шаардлагатай зохих тооны таблет шийдэх;
- Хүүхдүүдийн өөрсдийн санал, хүсэлтийн дагуух сургалтыг зохион байгуулж өгөх;
- ЭЕШ өгөх хүүхдүүдийг мэргэжил сонголтод нь чиглүүлэх, их сургуульд элсэн суралцах төлбөрийн асуудалд нь дэмжлэг үзүүлэх;
- Хүмүүжээд суллагдсан хүүхдүүдийн гадаад орчинд дасан зохицох, цаашид амьдрах орчин нөхцөлд анхаарал хандуулж бэлтгэх;
- Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын эмнэлгийн анхан шатны үзлэгийн тоног төхөөрөмж шийдэхэд дэмжлэг үзүүлэх;
Цаашид тус байгууллагатай тогтвортой хамтран ажиллаж, эдгээр хүүхдүүдийн асуудлыг агентлагийн 5 жилийн стратеги төлөвлөгөөнд тусгах зэрэг ажлуудыг хийхээр боллоо. Одоо ашиглаж буй барилга нь 1978 онд анх ашиглалтад орж байсан. Шинэ барилгын ажил улсын төсөвт тусгагдан төсөл хэрэгжиж эхэлсэн байна.
ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан эдгээр хүүхдүүдийн амьдарч буй орчин нөхцөлд анхаарал хандуулж, эрхийг хангах чиглэлээр шуурхай ажиллахаа хэллээ.






















































