
Улаанбаатарчууд бид тарьсан хог, эвдэлсэн өмч, зүлэг ногоогоо арчлах, янзлах, цэвэрлэхээ хотын даргаараа уриалуулах хэмжээнд хүртэл ухамсарын доройтолд оржээ. Ингээд бодоход комунизм ч бас авах зүйлтэй л байж. Ядаж л 90 оны ардчиллаас өмнө иргэн бүр ойр орчмоо цэвэрлэж, сар бүр нийтийн цэвэрлэгээ зарлаж айл бүр, байшин бүр орчин тойрны тоос шороогоо гөвж, цэцэг навчаа усалж ургуулдаг байж билээ.
Тэр үед нийслэл хотыг маань Азийн цагаан дагина гэдэг байсныг сануулах илүүц биз.
Мэдээж өнөөдрийн ардчилсан Монголд өмнөх үе шиг захиргаадаж зандарч хийлгэж болохгүй. Гэхдээ нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААН, бизнес эрхлэгчид ойр тойрны 50м газрын цэвэрлэгээ, тохжилт, ногоон байгууламж, аюулгүй байдлыг хариуцаж ажиллах үүрэг бүхий хуультай. Хэрэгждэггүй болохоос удаа дараа зөрчил гаргаж орчны арчилгааг хийгээгүй байгууллага, ААН-ийн тусгай зөвшөөрөл, бүүр цашлаад газрын эрхийг ч хураах хатуу зүйл заалттай юм билээ.
Уг нь энэ хууль, журам нь хэрэгждэг бол айл бүр, ААН бүр ойр орчмоо тордоод, цэцэг зүлгээ тарьчихвал тийм ч муухай хот биш л дээ Миний муу Улаанбаатар.
Тэгэхээр ингэе. Хотын даргын уриалгыг нийтээрээ дэмжие. Дэмжих ч юу байхав хотын иргэд л юм бол, хотод бизнес эрхэлж л байгаа юм бол зүгээр л хуулиа л хэрэгжүүлдэг болчихьё.
Хот бол хамтын орон зай. Та бидний хоёр дахь гэр. Гэрээ цэвэр цэмцгэр авч явах нь төрийн гэхээсээ илүү та бидний үүрэг шүү нийслэлчүүдээ





















































