
Нью-Йорк хотын нийтийн сургуулиуд 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн наймдугаар анги хүртэлх сурагчдын хичээлд хиймэл оюун ухаан буюу AI ашиглахыг хориглохоор болжээ. Тус шийдвэр нь Нью-Йорк хотын 600 мянга орчим сурагчид хамаарах бөгөөд хотын захиргаа хүүхдүүдийн суралцах үйл явцад технологид хэт найдахаас сэргийлэх зорилготой гэж тайлбарласан байна.
Шинэ журмыг Нью-Йорк хотын захирагч Зохран Мамдани болон сургуулийн канцлер Камар Самуэлс есдүгээр сарын 2-нд танилцуулжээ. Хориг нь сурагчидтай шууд харилцдаг чатбот, AI багш болон генератив хиймэл оюун ухааны бусад хэрэгслүүдэд хамаарна. Мамдани хүүхдүүд аливаа асуудлыг хиймэл оюун ухаанаар шууд шийдүүлэхийн оронд өөрсдөө бодож, багш болон үе тэнгийнхэнтэйгээ харилцаж, хамтран ажиллах замаар үндсэн чадвараа хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Гэхдээ ахлах ангийн сурагчдад AI ашиглахыг бүрэн хориглохгүй. Есөөс 12 дугаар ангийн сурагчдад хиймэл оюун ухаан хэрхэн ажилладаг, түүний гаргаж буй мэдээлэлд алдаа, өрөөсгөл байдал үүсэх боломжтой эсэх, ёс зүйн асуудал болон ирээдүйн ажил мэргэжилд үзүүлэх нөлөөний талаар тусгай сургалт явуулна.

Мөн цөөн тооны ахлах сургуулийн ангид AI-г хичээлд ашиглах туршилтын таван хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээрийг багшийн хяналт дор явуулах бөгөөд сурагчдын мэдээллийн нууцлалыг хамгаалсан хэрэгслүүд ашиглах аж.
Багш нар хичээл төлөвлөх, сургалтын материал боловсруулах зэрэг ажилд AI ашиглаж болох ч сурагчдын даалгавар, шалгалтыг хиймэл оюун ухаанаар дүгнүүлэхийг хориглоно. Түүнчлэн сурагчдын зан төлөвийг хянах болон тусгай боловсролын төлөвлөгөө боловсруулахад AI ашиглахыг хязгаарлажээ.
Нью-Йоркийн энэхүү шийдвэр нь хиймэл оюун ухааныг боловсролын салбарт хэр хэмжээнд ашиглах ёстой талаарх маргааныг дахин хурцатгах төлөвтэй байна. Технологийг дэмжигчид хүүхдүүдийг AI давамгайлах ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх шаардлагатай гэж үзэж байгаа бол эсрэг талынхан бага насны хүүхдүүдийн шүүмжлэлт сэтгэлгээ, бие даан суралцах чадварыг хамгаалах нь нэн чухал гэж үзэж байна.
Л.Баяр






















































