Богдхан уулын дархан цаазат газарт самар түүж, бэлтгэхээр гарсан иргэдэд хяналт шалгалт хийж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ. Тодруулбал, есдүгээр сарын 3-ны өдөр байгаль хамгаалагчид болон улсын байцаагчид Богдхан уулын Дугуй цагаанаас Зүүн ширээ, Тэнгэр хад, Их тэнгэр амны дээд эхийн чиглэлд эргүүл, хяналт шалгалт зохион байгуулсан байна.
Энэ үеэр самар түүж, бэлтгэхээр ууланд гарсан 50 орчим иргэнтэй уулзаж, хууль зөрчиж буй үйлдлийг таслан зогсоон уулнаас буулгажээ.
Мөн самар бэлтгэхэд ашиглаж байсан муна, шигшүүр болон бусад багаж хэрэгслийг эвдүүлж, тухайн иргэдээр хог хаягдлыг түүлгэн цэвэрлүүлсэн байна. Түүнчлэн ууланд ил задгай асаасан гал түймрийн эрсдэл үүсгэж болзошгүй тул галыг унтраалгажээ. Хуульд зааснаар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг зөрчиж, самар түүх, бэлтгэх, байгалийн баялгийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглодог бөгөөд зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох зохицуулалттай.
Иймээс иргэдийг хууль, хамгаалалтын дэглэмийг чанд мөрдөж, зөрчилд холбогдох болон болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас сэрэмжлүүллээ.




















































