
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы өндөр түвшний уулзалтууд үргэлжилж, Иран, Украин болон Ойрх Дорнодын дайн олон улсын анхаарлын төвд байна. Нью-Йорк хотноо дэлхийн удирдагчид цугласан энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай холбоотой байр сууриа илэрхийлж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэхдээ, АНУ Ирантай тохиролцоонд хүрэх эсвэл цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх гэсэн сонголтын өмнө байгааг хэлсэн байна. Тэрээр Ирантай хэлэлцээр хийх боломжийг дурдсан ч хэрэв тохиролцоо бүтэхгүй бол илүү хатуу арга хэмжээ авах тухай анхааруулжээ. Мөн Ирантай холбоотой дипломат сувгууд нээлттэй хэвээр байгааг онцолсон байна.
Үүний зэрэгцээ Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэхээр Нью-Йоркт хүрэлцэн иржээ. Ираны талаас АНУ-ын шинэ цохилт, цэргийн ажиллагааны талаар анхааруулга өгсөн бөгөөд хоёр талын хооронд зуучлагчдын оролцоотойгоор яриа хэлэлцээ үргэлжилж байгаа талаар мэдээлсэн байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн НҮБ-ын индэрт үг хэлэхийнхээ өмнө Трамптай уулзжээ. Тэрээр уулзалтыг “эерэг, үр дүнтэй” болсон гэж тодорхойлсон ч Украиныг Оросын довтолгооноос хамгаалахад шаардлагатай нэмэлт пуужин сөрөн хамгаалах хэрэгслийг АНУ-аас өгөх эсэх талаар тодорхой хариу аваагүй гэж мэдэгдсэн байна.
Зеленский мөн Украины тал Оростой энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаа бөгөөд хоёр тал эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн цохилтоо зогсоох боломжийг хэлэлцэж болохыг дурджээ. Түүний хэлснээр Украин өөрийн эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн Оросын цохилт зогсвол Оросын эрчим хүчний байгууламжид чиглэсэн довтолгоогоо зогсоох боломжтой аж.
НҮБ-ын чуулганы үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар мөн уулзахаар төлөвлөгдсөн байна. Ийнхүү Иран болон Украинтай холбоотой хоёр том дайн, тэдгээрийг дипломат аргаар зохицуулах оролдлого энэ удаагийн Ерөнхий Ассамблейн гол асуудлуудын нэг болж байна.
Л.Баяр























































