Цагаан сарын баяр дөхөж байгаатай холбогдуулан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Монголчууд цагаан сарын баярыг утгаад бүгд Эрээн хотын худалдааны төв рүү хошуурдаг. Тэндээс хүнд хэрэг болохооргүй хужаа бараа оруулж ирдэгийг зогсоож их мөнгөний урсгалыг дотоодынхоо үйлдвэрлэгчдэд чиглүүлэх зорилгоор уг үзэсгэлэнг энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулахаар болж байна. Тус үзэсгэлэн өмнөх жилүүдэд зөвхөн “Мишээл экспо” төвд болдог байсан бол давхар энэ жил АСА циркийн байранд болох юм байна.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хямд үнэтэй, бэлгэнд өгөхөд тохиромжтой бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг албан байгууллага, хувь хүмүүсийг түлхүү оролцуулахаар болжээ. Харин лангууны түрээсийн үнийг Засгийн газраас дээрх үзэсгэлэн болох байгууллагуудтай тохиролцон 15-20 хувиар бууруулж, бууруулсан төлбөрийн 50 хувийг Засгийн газар төлөхөөр зохицуулалт хийх гэнэ. “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар” үзэсгэлэн өмнө нь тав хоногийн хугацаанд болдог байсан бол энэ удаад 14-21 хоногийн хугацаатай явуулахаар төлөвлөжээ.
Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид “Аса” циркэд маргаашнаас эхлэн ирэх сарын 10 хүртэл, бусад чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчид “Мишээл экспо” төвд энэ сарын 17-31 хүртэл, “IT world” төвд ирэх сарын 10-ны өдрийг хүртэл үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд дэлгэн үзүүлэхээр болжээ

















































