Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг Ням гаригт 08:00-22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай шийдвэр гаргавал Та дэмжих үү гэсэн санал асуулгыг олон нийтийн дунд дахин явуулахаар боллоо.

1967 онд Австрийн нийслэл Венн хотноо дэлхийн 120 гаруй улс орон чуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай Конвенцийг хэлэлцэн баталсан байна. Энэхүү конвенцэд манай улс 1997 онд албан ёсоор элсэн орж, зам тээврийн ослыг бууруулах, ослоос болж амь насаа алдах явдлыг эрс багасгах үүрэг хүлээсэн юм. Венийн конвенцэд замын хөдөлгөөний баруун гарын дүрэмтэй улс орон нэгддэг бөгөөд дэлхийн 119 орон баруун гарын дүрмээр замын хөдөлгөөнөө зохицуулдаг байна. Конвенцоор аливаа улс замын хөдөлгөөнийг зохицуулсан үндэсний хууль тогтоомжоо боловсронгуй болгож зөвхөн түүнд нийцсэн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах нь зам тээврийн осол буурах, иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах нэг томоохон үзүүлэлт болдгийг сануулж, тухайн улсад мөрдөгдөж байгаа замын хөдөлгөөний дүрмийн дагуу авто машиныг замын хөдөлгөөнд оролцуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг гишүүн орнуудад өгчээ. Монгол Улсын Засгийн Газраас зам тээврийн ослыг буурлах чиглэлээр хэд хэдэн ажлыг эхлүүлж байсан ч ослын тоо жил дараалан өссөөр байгаа юм. Тиймээс Засгийн газраас 2012 оны 5 дугаар сард замын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратегийг боловсруулан баталсан байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стратегид 2015 он гэхэд буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хүрдний байрлалыг солих, гэрлийн тусгалыг өөрчлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих замаар буруу талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлнэ гээд энэ үүргийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өгсөн байна. Энэхүү үүргийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлэхээр шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Гэхдээ одоогоор зөвхөн нийслэлд замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгслийн 49 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй авто машин байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (51)