Сонгинохайрхан
дүүргийн Засаг дарга асан Ц.Болдыг нөгөөдөр 10.00 цагаас Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273.2, 150.3, 263.2-т зааснаар буруутган шүүх юм байна. Хуралд шүүгчээр Ч.Отгонбаяр, улсын яллагчаар Н.Отгон, өмгөөлөгчөөр П.Сарантуяа, М.Хувцагаан, Б.Энхтуяа, Н.Хишигжаргал нар оролцохоор болжээ. Түүнийг өнгөрсөн баасан гаригт шүүх байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар хойшлуулсан билээ.
Ц.Болдыг Нийслэлийн хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн захирагчийн албаны орчны бохирдол хог хаягдалтын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраа нартай урьдчилан тохиролцож бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан мөн бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн хэмээн буруутгаж байгаа.
Мөн Улаанбаатар хотын өвлийн улиралд цас хайлуулах химийн бодисыг гаднаас гэрээгээр нийлүүлэх нэрийн дор их хэмжээний хөрөнгө төсвийн хөрөнгөөс гаргаж, тус хүмүүстэй хамтарч хуурамч баримт бүрдүүлж завшиж үрэгдүүлсэн байна. Тэдний үйлдлийн улмаас төрийн байгууллага, төсвийн хөрөнгөд 88 сая орчим төгрөгийн хохирол учирсан аж. Мөн 61 сая орчим төгрөгийн эд хөрөнгийг бусадтай бүлэглэн завшиж, үрэгдүүлжээ.
Б.Чимэг



















































Сэтгэгдэл (1)