БНХАУ хөгжлийн тайван замыг сонгоно хэмээн мэдээлсэн талаар “CNN” нийтэлжээ.
БНХАУ хөгжлийн тайван замыг сонгоно хэмээн мэдээлсэн талаар “CNN” нийтэлжээ. Ирэх гуравдугаар сард Хятад улсын ерөнхийлөгчөөр томилогдох, Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жинпин өчигдөр намынхаа хурлын үеэр мэдээлэл хийсэн нь олон улсын анхаарлыг татаж байна.
Тэрбээр “Хятад улс хөгжлийн тайван замыг сонгож байгаа ба зөвхөн энх тайванч гадаад бодлогыг явуулна. Гэхдээ тус улсын үндсэн ашиг сонирхолоор наймаалцахгүй” хэмээн хэлснийг олон улсын хэвлэлүүд иш татжээ.
Ноён Ши Жинпинийг Өмнөд болон Дорнод Хятадын тэнгисийн зарим нэг нутаг дэвсгэрийн талаарх маргаантай асуудалтай холбогдуулан энэхүү мэдэгдлийг хийсэн хэмээн шинжээчид дүгнэж байна.
Дорнод Хятадын тэнгис дэх Сенкаку арлын асуудлаар Бээжин Токиотой, Өмнөд Хятадын тэнгис дэх Спратли арлын талаар Вьетнам, Филиппин улсууд болон зүүн өмнөд Азийн хэд хэдэн орнуудтай маргалдаж байгаа юм.
Д.Идэр


















































