Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтран “Үйлдвэр, хөдөө аж ахуй эрхлэгчдийн зөвөлгөөн”-ийг зохион байгууллаа. Уг зөвөлгөөнд төрийн болон төрийн бус байгууллагын удирлагууд, нийслэл хотод үйлдвэр, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож шинэчлэлийн засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа бодлого,нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Мөн 2012-2016 онд нийслэлийн эдийн засаг , нийгмийн зорилтод тусгасан ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага,бизнес эрхлэгчид хэрхэн хамтарч ажиллан, учирч болох хүндрэл бэрхшээл ,түүнээс гарах арга замын талаар зөвлөлдсөн юм. Зөвөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ: Нийслэл хотод үйлдвэр , хөдөө аж ахуйн бизнес эрхлэдэг иргэдээ бид салбар яамтай хамтран ажиллаж бодлогын түвшинд дэмжих шаардлагатай байна. Ингэхдээ бизнес эрхлэгчдээ хоршооллын бодлогоор дэмжиж бүтээгдэхүүнээ хамтарч зах зээлд нийлүүлэн борлуулах нь нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг тогтвортой байлгах , тэдний онцлогт тохирсон эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхэд томоохон түлхэц өгөх болно. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрийдлээр банк санхүүгийн байгууллагууд барьцаа хөрөнгө шаардаж байгаа нь огт байж болохгүй асуудал бөгөөд бусад улс орны үйлдвэрлэгчдийг дэмжихээсээ илүүтэйгээр өөрсдийн үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллах нь бидний бодлогын гол чиглэл болж байгаа юм.Тиймээс шинэ санаа , хоршооллын ажиллагааны оновчтой төсөл хөтөлбөрийг бид дэмжихэд бэлэн байна гэж онцлон хэлсэн юм.Зөвөлгөөнд оролцогчид нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлж,бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхэд ямар саад бэрхшээл тулгамдаж буй талаар саналаа уламжиллаа.Тэдний нэг 7 га газарт жимс, жимсгэний бизнес эрхлэдэг БЗД-ийн 20-р хорооны иргэн Ц.Отгонбаяр:-Бидэнд тулгамдаж байгаа асуудал цөөнгүй бий. Гэхдээ нэн түрүүнд үйлдвэрлэгч борлуулагч хоёрын хамтын ажиллагааг дээшлүүлж, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн зах зээлийг бүрдүүлж өгөх нь бидний борлуулалт нэмэгдэж цаашлаад санхүүгийн чадвар өсөх талтай юм.Дээрээс нь миний бизнесийн хувьд хүлэмжийн агуулахыг барьж байгуулах нь жимс,ногоогоо хурааж хадгалахад их дөхөм болно.Мөн ургац хураах хүртэлх хэдэн саруудад бизнес бүрэн зогсдог. Энэ үед банкны зээлийн хүү хамгийн том бэрхшээл болдгийг анхааралдаа аваарай. Харин хоршооллын ажиллагааг дэмжиж байна.Үнэндээ бид нэг салбарт бизнес эрхлэж байгаа хэдий ч бие биендээ шахалт дарамт үзүүлэн ,үнээ бууруулах тохиолдлууд их гардаг.Тиймээс хоршооллоор ажиллах нь олон давуу талтай юм гэлээ.
Зөвөлгөөний үеэр уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд нийслэлийн тэргүүний фермер,тэргүүний тариаланч хамт олон,тэргүүний тариаланчийн шагналыг гардуулсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл ,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















































