“Тамхинаас татгалзъя” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан бүтээлүүдээс:
“Тамхинаас татгалзъя” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан бүтээлүүдээс:“ААВ АА, ТА ХАЯЖ ЧАДНА” (8б ангийн сурагч Б.Тэргүүнбаяр)
Хайрт аав тандаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би таньдаа дэндүү их хайртай. Ах, дүү хоёр маань ч таныг их хайрлаж хүндэлдгийг би мэднэ. Та ч бидэнд аминаасаа илүү хайртай шүү дээ. Бид таныг түшиг тулгуур минь, бурууг минь залж, зөвийг ухааруулж, чадахгүй, мэдэхгүйг минь зааж өгдөг уул шиг нөмөртэй хайрхан минь гэж шүтдэг. Танд олон сайхан чанар бий. Ээжийг минь ажлаасаа орой ирэхэд нь дулаан гэртээ халуун хоолтой угтдаг манай гэрийн “арын албаны дарга” билээ, та. Шатар хэмээх оюун ухааны спорттой биднийг холбож, олон олон амжилтын эзэн болгоход хамгийн их хувь нэмрээ оруулж байгаа дасгалжуулагч минь бас л та шүү дээ. Өвдөхөд минь сэтгэлээрээ цуг өвдөж, уйлахад минь нулимс арчин аргадаж, зүггүйтэхэд харцаараа зэмлэдэг хамгийн дотнын хүн минь та шүү дээ.
Таныгаа бид ингэж их хайрладаг болохоороо тамхинаас таныгаа харамлаад байна, аав аа. Тамхины хор хөнөөлийг хамгийн их мэддэг мөртлөө та яагаад дурлан дурлан татаад байдаг юм бэ? Балчир үрс бид чинь таньтайгаа олон жил нөмөр нөөлгийг чинь хүртэж амьдармаар байна. Гэтэл та “тамхи” хэмээх аюулт хорыг үхлийн тунгаар татсаар байгаад чинь бид гомдож байна. Танд минь уг нь тамхинаас гарах сэтгэл хүсэл байдаг. Харин тэвчээр дутаад байна уу даа. Та өөрийнхөө болон хайртай гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө хэдхэн хоног тэвчээч. Долоохон хоног тэвчихэд л та тамхинаас гарна. Гэхдээ бид таньдаа итгэсээр байгаа. Аав аа та, тамхийг хаяж чадна шүү.
Таныг хүндэтгэн ёсолсон хүү чинь.


















































