Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Пүрэв нарт холбогдох хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.М.Пүрэв нь 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 2009 оны 7 дугаар сарын 31-ний хооронд дангаараа болон бусадтай бүлэглэж, 10 удаагийн үйлдлээр бусдын нийт 161 сая гаруй төгрөгийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. Тэрээр манай зарим томоохон банкнаас худал хэлж хогийг нь гуйж аван түүн дотор байсан төлбөрийн даалгаврыг нь дуурайлган хийлгэж нэр бүхий байгууллагуудын данснаас мөнгө шилжүүлэн авдаг байсан аж. Ингэхдээ иргэдийн гээгдсэн эд зүйл хадгалдаг цэгээс өөртэйгөө болон хамтрагчидтайгаа адилхан хүний иргэний үнэмлэхийг хамаатан садан, танил нь хэмээн хуурч авч уг хүний нэр дээр хадгаламжийн данс нээлгэн дээрх шилжүүлсэн мөнгөө хийлгэн авч залилдаг байжээ. Ийнхүү хэргээ нарийн төлөвлөж, зохион байгуулж үйлддэг байсан бөгөөд теллерийн анхаарлыг сарниулах, интернэтээс банкнуудын бүх салбарын утсуудыг аван залгаж, иргэний дансанд байгаа мөнгийг мэдэх зэргээр олон төрлийн арга хэрэглэдэг байсан байна.
Түүнчлэн иргэдийг өндөр хөгжилтэй оронд явуулж өгнө гэж хуурч мэхлэн манай томоохон банкуудад хадгаламжийн данс нээлгүүлэн мөнгийг нь хийлгэдэг байжээ. Ингээд гадаад явуулахад хэрэгтэй хэмээн баримт бичиг болон хадгаламжийн дэвтрийнх нь хуулбарыг авч, түүнээ ашиглан интернэт болон мобайл банкны үйлчилгээ нээлгүүлэн уг үйлчилгээний тусламжтайгаар мөнгийг нь шилжүүлэн авч мэхэлдэг байсан байна. Ингэхдээ мөн л гээгдсэн иргэний үнэмлэх ашиглан данс нээлгүүлэн шилжүүлэн авдаг байжээ.
М.Пүрэв энэ хэргийнхээ заримыг өөрийн охин М.Энхжаргал, бэр Б.Болорцэцэг, танил Л.Гантулга нартай бүлэглэн үйлдсэн аж.
Мөн М.Энхжаргал нь 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “Улс төрийн тойм” сонинд ярилцлага өгч, иргэн Б-г Г хэмээх бүсгүйг багшийн ажилд оруулж өгнө гэж нэг сая төгрөг “хандив” нэрээр авч, улмаар Г-тэй бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэх утгатай ярилцлага өгч гүтгэж, уг гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлджээ. Түүнчлэн М.Энхжаргал нь бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа буюу 2011 оны 9 дүгээр сарын 5-наас мөн оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүртэл прокурор болон мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн аж.
Д.Ганбат нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд ашигласан нэр бүхий байгууллагын тамга, төлбөрийн даалгавар зэргийг М.Энхжаргалд хуурамчаар хийж өгснөөс гадна 2007-2008 онд нэр бүхий 3 иргэнд хуурамч жолооны үнэмлэх, 2009 оны 6-7 дугаар сард иргэн Ц, У нарт МУИС-ийн дипломын хавсралт хуурамчаар хийж өгсөн гэмт хэргийг үйлджээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн шүүх дээрх хэргийг 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд М.Пүрэвт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин Б.Болорцэцэг, Л.Гантулга нарт 10 жил 1 сар, М.Энхжаргалд 6 жил 7 сар тус тус хорих, Д.Ганбатад 6 сар баривчлах ял оногдуулсан байна.
Нийслэлийн шүүх уг хэргийг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд Л.Гантулга, Б.Болорцэцэг нарын зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Л.Гантулгад оногдуулсан хорих ялыг 6 жил, Б.Болорцэцэгт оногдуулсан хорих ялыг 3 жил 6 сар болгон өөрчилжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Пүрэвт 13 жил, М.Энхжаргалд 6 жил 7 сарын хорих ял оногдуулсныг тус тус хэвээр үлдээв. Мөн давж заалдах шатны шүүхээс Л.Гантулгад 6 жил, Б.Болорцэцэгт 3 жил 6 сар хорих ял оногдуулсныг хэвээр үлдээсэн байна.



















































Сэтгэгдэл (1)