
Хуульч З.Батбаяр “Та бүхэн түр саатуулан хорих болон сахилгын арга хэмжээ авах тухай хуулиас хараарай. Хуулинд хорих ангийн харгалзагч болон албан хаагчид руу дайрсан, амиа хорлох, цаазын ялтай хүнд гав, дөнгө зүүж камерт оруулдаг. Гэтэл Ш.Батбаярыг гав, дөнгөтай камерт хийсэн нь хууль зөрчиж байгаа хэрэг. Ганц Ш.Батбаяр ч биш. Өөр олон ингэж хууль бус үйлдлийн золиос болж хохирч байгаа” гэв.
Харин О.Лхагвацэдэн “ШШГЕГ улс төрийн байгууллага болсныг гэрчлэх амархан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд МИАТ компаниас мөнгө угаасан хэрэгт холбогдуулан нэр бүхий хүмүүсийг шалгаж эхэлсэн. Гэтэл шалгагдаж байгаа хүмүүс ШШГЕГ-ын харъяа 461-р хорих ангид хоригдож байхдаа хоорондоо утсаар ярьж байсныг Урьдчилан хорих төвөөс илрүүлж шалгасан. Гэтэл хэрэгт холбогдолтой гэх хүмүүс рүү залгасан байсан нь тогтоогдож, үүнийг нь салбарын сайд Х.Тэмүүжин хүртэл нотолж ярьсан удаатай. Ийм хэрэг гарчихаад байхад тус хорих ангийн дарга Д.Ядамдоржид хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөх нь битгий хэл тушаал дэвшүүлэн ажиллаж байна” гэлээ.
Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг яаралтай арга хэмжээ авч, ШШГЕГ-ын дарга Д.Ядамдоржийг огцруул гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатараар ахлуулсан Хүний эрхийн комисс байгуулан ажиллаж байгаа бөгөөд эрх нь зөрчигдөж байгаа хэн бүхнийг хандахыг уриаллаа. Хэрвээ энэ байдал дахин давтагдаж хүний эрх зөрчигдсөөр байвал Олон улсын хүний эрхийн байгууллагад хандана гэв.
Тодруулбал, хуульч З.Батбаяр “Х.Тэмүүжин залуу хуульч байхдаа хүний эрхийг дээд зэргээр хамгаалах юмсан гэж ярьдаг байсан. Гэтэл тэр салбарынхаа сайд нь болж тэр ажлыг хэрэгжүүлэх суудал дээр нь байж яагаад ийм эмгэнэлтэй зүйлийг хараад суугаад байна вэ. Хэрэв Х.Тэмүүжин холбогдох хүмүүст хариуцлага тооцохгүй бол бид парламентед суудалтай гишүүддээ хандаж Х.Тэмүүжинд асуулга тавих болно” гэлээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)