
Хэлэлцүүлэгт АН-ын Нарийн бичгийн дарга Д.Анхбаяр болон УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга, Хэнтий аймгийн АН-ын дарга Б.Гарамгайбаатар, АН-ын ҮЗХ-ын гишүүн Э.Тамир, аймгийн АН-ын бүлгийн дарга Ч.Амгалан, Хэрлэн сумын Засаг дарга, Өндөрхаан хотын захирагч Н.Базарханд болон тус аймгийн 18 сумын АН-ын гишүүд оролцлоо.
Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг намын баярын өдөр болж буйд намын гишүүд билэгшээж байлаа. Мөн Хэнтий аймагт цаг агаар тааруу байгаа хэдий ч АН-ын гишүүд Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж идэвхитэй оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд намын дүрмийн өөрчлөлтийн талаар цөөнгүй санал гаргаж байв. Тодруулбал, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо болон Ахмадын холбоод хамтарч ажиллах шаардлагатай. Хурлаа хийх гэхээр Ахмадын холбоонд өөр намын гишүүд байдаг учир санал бодлоо хуваалцах тал дээр хаагдмал байдаг. Тиймээс АН-ын ахмадын холбоо энэ тал дээр анхаарлаа хандуулж намын гишүүдтэйгээ харилцаа холбоотой байх шаардлагатай байна хэмээж байв. Түүнчлэн анхан шатны байгууллагын үйл ажиллагаа тааруу, нийгмийн даатгалын нөхцөлийг сайжруулах, намын жирийн гишүүд намын хуралд орох боломжийг нээх зэрэг өөрчлөлтийг үндсэн дүрэмд тусгах нь зүтэй гэдийг онцолж байлаа.
Гишүүнчлэлийн асуудлыг тодорхой болгох нь чухал гэлээ
Намын үндсэн дүрмийн хэлэлцүүлэг Өмнөговь аймагт үргэлжилж байна. Хэлэлцүүлгийг аймгийн АН-ын дэд дарга Х.Түмэнбаяр нээж, АН-ын нарийн бичгийн дарга Э.Батсуурь намын дүрэмд орж буй өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Хэлэлцүүлэгт 15 сумын 170 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Төлөөлөгчид өнгөрсөн сонгуулиар 10 гаруй намын үнэмлэхтэй хүн байсан. Тэр хүн аль нам ялна тийшээ л явдаг. Тиймээс намын гишүүнчлэлийн асуудлыг дүрэмдээ тодорхой оруулах хэрэгтэй гэдгийг хэлж байсан юм. Мөн намын дүрэм дэндүү босоо тогтолцоо руу шилжиж, намын анхан болон дунд шатны байгууллага юу хийх нь тодорхой бус байна. Намын дүрэм ийм босоо тогтолцоо руу шилжсэнээр намын дарга намын бодлогоо тодорхойлж бүх шийдвэрийг гаргахаар харагдаж байна. Тиймээс намын даргын эрх мэдэл, намын бодлогын асуудлыг дүрэмдээ тодотгож өгөх шаардлагтай гэдгийг онцолж байв.
Түүнчлэн улс төрийн хариуцлага хэмээн ялагдал хүлээсэн газрын намын болон засаг даргыг ажлаас нь чөлөөлнө гэж байгааг шийтгэл биш шагнал гэж ойлгож байна. Учир нь дөрвөн жил ажилчихаад үргэлжлүүлж ажиллахгүй юм чинь гээд бужигнуулчихаад яваад өгөхийг үгүйсгэхгүй. Мөн ялагдал хүлээж ажлаа өгсөн хүмүүс өндөр албан тушаалд очих тохиолдол байна. Үүнээс болж орон нутагт намын гишүүдийн дотор үл ойлголцол гардаг. Үүнийг намын дүрмээр тодорхойлж өгөх хэрэгтэй гэх зэрэг олон санал шүүмжлэл хэлж байв.