ХАМТАРСАН ХОРООНЫ МОНГОЛ ТАЛЫН ДАРГААР Д.ДАГВАДОРЖИЙГ ТОМИЛЛОО

Монгол, Японы хүлэмжийн хийн кредит олгох механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хурлын танхимд боллоо. Хурлаар хамтарсан хорооны болон хамтарсан кредит олгох механизмыг хэрэгжүүлэх дүрэм журам баталлаа. Монголын болон Японы талыг төлөөлсөн хоёр даргатай байх бөгөөд хорооны анхдугаар хурлаар Монголын талаас БОНХЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн албаны дарга, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч Д.Дагвадорж, Японы талаас Гадаад харилцааны яамны Олон улсын хамтын ажиллагааны товчооны уур амьсгалын өөрчлөлтийн хэлтсийн дарга Масами Тамура нарыг томилсоныг хамтарсан хорооны хурлаар хүлээн авав. Мөн хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий хорооны нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулж, холбогдох дүрэм, журам болон 2013 онд ХКОМ-ын шугамаар хэрэгжүүлэх загвар төслүүдийн талаар хэлэлцэв.
Энэ оны нэгдүгээр сарын 8-нд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Японы Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт төлөөлөгч, элчин сайд Такэнори Шимизү нар Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл байгуулах тухай баримт бичгийн хүрээнд хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж буй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Япон улсын зүгээс Монгол Улсад байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх, чадавхи бэхжүүлэхэд чиглэсэн тусламж дэмжлэг үзүүлэн уг механизмын хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдээс бий болох хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулсан хувь хэмжээг Япон улсад шилжүүлэх юм.
БОНХЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын алба
Сэтгэгдэл (1)