Дэлхийн олон тэрбум хүний дотор бусдаасаа баян хэсэг хүмүүс бий. Бид тэднийг саятан гэж дууддаг. Тэгвэл энэ хүмүүсийн ихэнхи нь өөрийнхөө хүссэнээр тун өвөрмөцөөр амьдардаг юм. Дэлхийн этгээд, хачин саятнуудтай танилцана уу.

Кени руу яваад ирсэн жуулчдын ихэнхи нь анааш, арслантай зэрлэг байгальд авахуулсан зурагтайгаа гэртээ буцдаг. Тэгвэл нэг саятан эр Кениэс ирэхдээ Масай омгийн ахлагчийн цолтой иржээ. 57 настай Грахам Пендрилл ийм омгоос цол хэргэмтэй ирсэн анхны цагаан арьстан аж. Тэрбээр зүүн Африкт ганцхан сарын хугацаанд аялахдаа тэрхүү Масай омгийн доторх тэмцэл, зөрчлийг зохицуулж өгч чадсанаараа хүндлэгджээ. Харин нэг сарын аялалын дараа гэртээ эргэж ирэхдээ баян саятны үнэтэй хувцасны оронд Масай омгийнхний өгсөн нөмрөг, сандалтай гудамжаар алхах болжээ. Грахам Пендрилл "Хүмүүс намайг хачин этгээд гэж хэлдэгт би санаа зовдоггүй.Харин бусад шиг хувцаслах нь надад хачин санагддаг. Уушийн газар хүмүүс над руу гайхсан нүдээр хардаг ч тун эелдэг ханддаг шүү" гэжээ.
Сонирхолтой нь тэрбээр Oxfam дахь эд хөрөнгөө зараад Кенид суурьшихаар болжээ. Учир нь их хотод байснаас өөрийг нь хүндэлдэг омогт амьдрах нь түүнд илүү таалагджээ. 
Английн хамгийн онгироо хүн гэж түүнийг нэрлэжээ. Учир нь 31 настай саятан Скотт Александр өөрийн төрсөн хотоо "худалдаж авах"-ыг хүсчээ. Өөрийн стиль имиждээ байнга анхаарч, үнэтэй машин унадаг тэрбээр гоо сайхны мэс засал хийдэг, машин худалдаалдаг компанитай. Харин тэрбээр энэ бүхэндээ сэтгэл ханалгүй төрсөн хотоо өөрийн нэрээр нэрлэхийг хүссэн байна. Учир нь хүмүүстэй уулзахдаа жижиг хотынхоо нэрийг хэлэхэд дуудлагыг нь тогтоодоггүй байна. Тиймээс хотын захиргаанд хотоо Александр гэж нэрлэвэл 3 сая доллар өгнө хэмээн амлажээ. Хотын захиргаа үүнийг нь зөвшөөрөөгүй ч Скотт Александр хамгийн онгироо саятан гэсэн нэртэй болсон байна.
Хүн болгон сугалаа хожиж эсвэл гэнэт их мөнгө олохыг хүсдэг. Тэгвэл Шотландын Виктория эмнэлгийн сувилагч 40 настай Карен Шанд телевизийн шоунд оролцож нэг сая доллар хожижээ. Энэ мөнгө түүнд амьдралаа өөрчлөх боломж олгосон ч Карен Шанд хямд хөлстэй сувилагчийн ажлаасаа гарахгүй гэж шийдсэн байна. Тэрбээр телевизийн шоунд 6 асуултанд амжилттай хариулж шоуны хамгийн өндөр шагналыг авч чаджээ. 
Тайландын ерөнхий сайд асан Таксин Шинаватра 17 настай танхил охиноо McDonald-д худалдагчаар ажиллуулахаар шийдсэн нь олон нийтийн гайхлыг төрүүлээд байсан юм. Тэрбээр Тайландад анх McDonalds-ийн салбарыг оруулж ирсэн бөгөөд АНУ-д их сургуульд сурч байхдаа KFC түргэн хоолны сүлжээнд ажилладаг байжээ. Тиймээс бага охиндоо мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэхийн тулд ажилд оруулсан байна. Тэрбээр "Хөгжсөн орнуудад хүүхэд залуучууд багаасаа ажил хийх хэрхэн мөнгө олж, зарцуулахад суралцдаг. Тиймээс охинд минь бусад ажилчидтай адил хандах хэрэгтэй" гэж байжээ.
Николас Берггруен бол орон гэргүй саятан. Хачин байна уу? 46 настай тэрбээр олон жил хөдөлмөрлөж олон сая доллартай болсон ч нэг л өдөр юм худалдаж авах сонирхолгүй болжээ. Тиймээс Нью-Иорк хотод байдаг орон сууц, Флоридад байдаг эдлэн газраа зарж орон гэргүй хүмүүсийн тоонд орсон аж. Харин үүний оронд зочид буудлаар хоног төөрүүлэх болсон бөгөөд дундаж зочид буудлуудад нүүдлэн амьдардаг болжээ. Мөн хөрөнгөө буяны үйл ажиллагаа зохион байгуулах, Берлин дэх уран зургийн үзэсгэлэндээ хандивлах зэргээр зарцуулдаг байна. "Форбес" сэтгүүл Николасын хөрөнгийг 2010 онд 2.2 сая доллар хэмээн үнэлсэн байдаг.
Айлин Граеф гэдэг англи хэлний багш эмэгтэй бодит амьдрал дээр бага цалинтай ажил хийдэг ч компьютер дотор өөрийн гэсэн ертөнц бүтээлгэжээ. Тэрбээр виртуал ертөнцөд хөгждөг тоглоомын баатрыг өөрийн нэрээр нэрлэж, саятан болгожээ. Компьютер ертөнцдөө тэрбээр асар үнэтэй байшин, машинууд худалдан авдаг байна. Айлин анх 2004 онд энэ тоглоомонд орсон бөгөөд аватар нь олон жил ажил хийж мөнгө цуглуулсны эцэст 275 линдентэй болжээ. Үүнийг нь бодит амьдралтай харьцуулбал нэг сая доллар аж. Бодит амьдрал дээр дундаж амьдралтай ч компьютерийн ертөнцөд баян болсон тэрбээр үүндээ сэтгэл хангалуун амьдардаг гэжээ. 
Дэлхийн олон сая хүнээс илүү хангалуун амьдардаг гэрийн тэжээмэл амьтад олон бий. Тэдгээрээс хамгийн баян нь Германы овчарк үүлдрийн нохой Гантер IV юм. Энэ нохой 372 сая долларын хөрөнгийг ааваасаа өвлөж авчээ. Түүний аав Гантер III хүүхэдгүй хөгшин эзнээсээ энэ хөрөнгийг авсан аж. Гантер өөрийн гэсэн сантай бөгөөд тэр сан нь янз бүрийн үйл ажиллагаа явуулж өв хөрөнгийг нь нэмж байдаг гэнэ. Ноходын эзэн хуульчдаа үүнийг гэрээсэлсэн тул нохойн хөрөнгөд гар дүрэх эрхтэй хүн байдаггүй аж.

















































