
Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Дэлхийн зөн олон улсын байгуууллагатай хамтран "Наадмын гоёл" үзэсгэлэн худалдааг энэ амралтын өдрүүдэд "Улаанбаатар бизнес хөгжлийн төв"-д зохион байгуулж байна. "Ажилтай орлоготой Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар болон нийслэлээс "Үндэсний үйлдвэрлэл"-ээ дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Уг зорилтын хүрээнд төрийн худалдан авалтыг үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнээс хийх бодлого барьж байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэлийн оёмол, сүлжмэл, гар урлал, модон эдлэлийн бичил, жижиг дунд, томоохон үйлдвэрлэгч, нийлүүлэгч зуучлагч, борлуулагч зэрэг 32 аж ахуйн нгэж байгууллага оролцож буй юм. Үзэсгэлэн худалдааны үеэр дуудлага худалдаа зохион байгуулж, оролцогч аж ахуйн нэгж, иргэдийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Үзэсгэлэнд оролцогчид нь эрхэлж буй үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, түншээ олох, бүтээгдэхүүнээ борлуулах, зах зээлд гарах том үйлдвэрлэлийн хамтрагчаа олохыг зорьж байгаа ажээ.