Улсын Дээд шүүхийн Судалгааны төвөөс Монгол Улсын шүүхийн 2013 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүнгийн статистик мэдээллийг гаргажээ. Эрүүгийн шүүн таслах ажиллагааны талаар
Анхан шатны шүүхүүд 2013 оны эхний хагас жилд 6008 хүнд холбогдох 3958 эрүүгийн хэрэг хүлээн авч, 631 хүнд холбогдох 318 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, 13 хүнд холбогдох 6 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, шүүгдэгч, хохирогч нар эвлэрснээр 336 хүнд, цагаатгах тогтоолоор 84 хүнд холбогдох 37 хэргийг хэрэгсэхгүй болгож, 4084 хүнд холбогдох 3113 хэргийг шүүх хуралдаанаар таслан шийдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 5.6 хувиар, ял шийтгүүлэгчид 8.5 хувиар буурсан байна.
Шүүхээр таслан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг Нийслэл, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дархан-Уул, Завхан, Хэнтий, Сэлэнгэ, Увс, Орхон, Дундговь, Говь-Алтай аймагт 7.5 – 40 хувиар буурч, Баянхонгор, Архангай, Булган, Хөвсгөл, Дорноговь, Баян-Өлгий, Сүхбаатар, Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт 1.4 – 80 хувиар нэмэгдсэн байна. Ял шийтгүүлэгчид Архангай, Ховд, Өвөрхангай, Нийслэл, Хэнтий, Төв, Хөвсгөл, Сэлэнгэ, Өмнөговь, Орхон, Увс, Завхан, Говь-Алтай, Дундговь аймагт 0.8 – 44.4 хувиар буурч, Баянхонгор, Булган, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт 2.1 – 120 хувиар өссөн бол Дархан-Уул аймагт өмнөх оны мөн үетэй адил байна.
Анхаарал татаж байгаа эрүүгийн хэргийг авч үзвэл хүнийг санаатай алах 102 гэмт хэрэгт 101, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах 136 гэмт хэрэгт 138, бусдын эд хөрөнгийг хулгайлах 662 гэмт хэрэгт 1082, танхайрах 381 гэмт хэрэгт 541, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 101 гэмт хэрэгт 223, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 472 гэмт хэрэгт 475, албан тушаалын 5 гэмт хэрэгт 17, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх 30 гэмт хэрэгт 39 хүн тус тус ял шийтгүүлжээ.
Дээрх эрүүгийн хэрэг нь шүүхээр таслан шийдвэрлэсэн нийт эрүүгийн хэргийн 60,7 хувь, ял шийтгүүлэгчдийн 64.1 хувийг эзэлж байгаа бол бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн нийлбэр нь нийт эрүүгийн хэргийн 48.7, ял шийтгүүлэгчдийн 51.4 хувийг эзэлж байна.
Өнгөрсөн оныхоос тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1.5, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 11.1, танхайрах гэмт хэрэг 17.2, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 17.2, хүнийг санаатай алах гэмт хэрэг 32.9, албан тушаалын гэмт хэрэг 54.5 хувиар буурсан бол, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 2.8, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 15.4 хувиар тус тус өсчээ.
Ял шийтгүүлэгчдийн дотор насанд хүрээгүй этгээд 274, эмэгтэйчүүд 333, гадаадын харъяат 27 байна. Шүүхээс ял шийтгүүлсэн 274 насанд хүрээгүй этгээдийн 188-ынх нь хорих ялыг хуульд заасны дагуу хойшлуулсан бол 65-д нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан аж. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал ял шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээд 4.9, эмэгтэйчүүд 15.3 хувиар тус тус буурч, гадаадын харъяат 80 хувиар өсчээ.
Түүнчлэн ял шийтгүүлэгчдийн 271 нь урьд ял шийтгүүлсэн, 737 нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн, 890 нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, 2695 нь ажил сургуульгүй хүмүүс байна.
Гэмт хэргийн улмаас нийтдээ 90 тэрбум 669 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 265 хүний амь хохирч, 1404 хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирчээ.
Шүүхээс ял шийтгүүлэгчдийн 75.6 хувьд хорих, 6.2 хувьд албадан ажил хийлгэх, 12,9 хувьд баривчлах, 3.7 хувь буюу 153 хүнийг 1 тэрбум 341.6 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.
1261 хүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлсэн нь хорих ял шийтгүүлэгчдийн 40.9 хувь нь болж байгаа аж.
Шүүх эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг 213 хүнд хэрэглэж 99.2 сая төгрөг гаргуулсны дээр, тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг 266 хүнд нэмэгдэл ялын чанартайгаар оногдуулжээ.
Шүүх хорих ял биечлэн эдлүүлсэн 1261 хүний 65.7 хувийг жирийн, 32.1 хувийг чанга, 2.1 хувийг онцгой, 0.1 хувийг гяндангийн дэглэмд ял эдлүүлэхээр тогтоосон байна.
Аймаг, нийслэлийн шүүхүүд давж заалдах журмаар эрүүгийн 1133 хэрэг хүлээн авснаас 998 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ. Харин 25 хэргийн гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд гаргасан гомдол, эсэргүүцлээсээ татгалзан, буцаан авсан аж.
Хяналтын шатны журмаар эрүүгийн 417 хэрэг хүлээн авснаас 323 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/


















































