
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлд гарсан зам тээврийн осол хэргийн талаар НЗЦГ-аас танилцууллаа. Энэ хугацаанд иргэдээс 329 дуудлага ирсэн бөгөөд 184 нь осол зөрчлийн шинжтэй байжээ. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 8,9 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн эдгээр өдрүүдэд зам тээврийн ослын улмаас гурван хүн нас барсан байна. Өнгөрсөн 14 хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 758 зөрчил илэрсэн бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй 203 зөрчил бүртгэгджээ.
Түүнчлэн НЗЦГ-ын дэд дарга, хурандаа Ч.Жаргалсайхан хэлэхдээ “Энэ жил олон аймаг сумдын түүхт ой тохиож баяр наадам их болж байна. Тэдгээр баяр наадамд оролцох мөн амарч зугаалахаар орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн зам дээр гарах осол хэргийн тоо огцом нэмэгдэж байгаа. Ялангуяа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлснээс үүдсэн осол гэмтэл их гарч байна” гэсэн юм.