1945 оны наймдугаар сард АНУ-ын агаарын хүчин Японы Хирошима хотод цөмийн бөмбөг хаяж, олон мянган хүний амийг хөнөөсөн. Гурван хоногийн дараа буюу наймдугаар сарын 9-ний өдөр мөн Нагасаки хот дээр цөмийн бөмбөг хаясан юм. 240 мянган хүн амтай энэ хотын 74 мянган гаруй хүн энэ өдөр нас баржээ. Цөмийн зэвсгийн хор хөнөөлийг сануулсан энэ өдөр жил бүр эргэн ирсээр 68 жил болжээ. Дэлбэрэлт болсны дараа цөмийн бөмбөгийн хор хөнөөл арилаагүй бөгөөд цацраг идэвхит туяанд хордсон 3404 хүн энэ хугацаанд нас барсан байна. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд хамгийн сүүлд Нагасаки хотод дэлбэрэлт болсноос 162,083 хүн нас барсан гэх судалгаа гарчээ. Өнөөдөр цөмийн хор хөнөөлийг яс, махаараа, удам угсаагаараа мэдэрсэн Нагасаки хотын иргэдийг дурсаж байна.



























































