
"Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний битүү зах шатаж, 300 гаруй түрээслэгч иргэд эд хөрөнгө, бараа материалаараа хохироод байгаа билээ. Нийслэлийн Засаг дарга захирамж гарган Нарантуул худалдааны төвд үүссэн нөхцөл байдлыг зохицуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулж, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Замын цагдаагийн газрын дарга, дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа. Тэгвэл мөрдөн байцаалтын үйл ажиллагаагаа үргэлжилж байна. Захын подвальд байрлах агуулахын түрээслэгчид бараагаа авч байгаа аж. Баруун болон зүүн хэсэг онцгой байдлын албаныхан аюулгүй болгох ажиллагааг гүйцэтгэж байгаа гэнэ. Мөн нурж магадгүй тааз болон төмөр карказуудыг буулгаж байгаа юм байна.
Ямартаа шатсан газраас олдсон цогцсын талаар гадуур янз бүрийн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Сайнжаргалаас тодруулахад, "Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр “хүүхэд гэсэн”, “3-4 хүний цогцос олдлоо” андуу ташаа мэдээлэл цацагдаад байна. Ийм зүйл байхгүй. Энд ажилладаг 53 настай О гэгч эмэгтэй болох нь тогтоогдсон. Ямар байдлаар ийнхүү тус газар орж амиа алдсан талаар цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/