Алба хааж байсан цэрэг офицертоо дарамтлуулж, дөрвөн зүү залгисан хэрэг олон хүнийг цочирдуулаад байна. Дээхин үед бол цэргүүд амиа хорлох гэж зүү залгилаа гэх яриа мэр сэр сонсогддог байснаас ангийн удирдлагууддаа дарамтлуулж зүү залгисан гэх мэдээлэл тэр бүр гараад байдаггүй байсан. Гэвч энэ үнэн илчлэгдсээр үр хүүхдээ эрийн цээнд хүргэх гэж, хүлээсэн үүргийг нь биелүүлэх гэж цэрэгт мордуулсан эцэг, эхийн сэтгэлийг ихэд түгшээх боллоо.

Зүү залгисан цэрэг П.Хэнмэдэх: Баатар дэслэгчид зодуулсаар байгаад сүүлдээ хөл, гар чичирч салгалдаг болчихсон
- Тухайн өдөр яг юу болсон талаар дэлгэрэнгүй яриач?
-Тэр өдөр манай дэд түрүүчийн утас нь алга болчихсон юм. Тэгээд намайг утсыг нь авсан гэж хардаад, дэслэгч Баатарт хэлнэ гэж дарамталсан. Би угаасаа тэр утсыг авах бүү хэл харж ч байгаагүй юм болохоор тэг тэг хэл гэчихсэн. Улмаар Баатар дэслэгч намайг өрөөндөө оруулаад зодсон.
-Хаашаа чинь цохиж яаж зодсон бэ?
-Суниалгаж, шанаадаж, элэг рүү өшиглөсөн. Дэд түрүүчийн утсыг гаргаж өг гэж нэхээд байсан. Би утсыг нь аваагүй гэдгээ хэлсэн ч гаргаж өг гээд зодоод байсан. Намайг хардах болсон нь тухайн өдөр дэд түрүүчтэй хамт харуул, хамгаалалтад гарч, манаанд хоносон болохоор хардсан байх. Би сүүлдээ дэслэгчийг дуудахаар айгаад хөл, гар чичирдэг болчихсон байсан. Намайг яаж зодох бол, яах бол гэж их айдаг юм.
-Утасны асуудлаас гадна өмнө нь зодож байсан уу?
-2-3 удаа дуудаж зодсон. Хамгийн сүүлийн зодолт дээрээ зүү залги гээд залгиулсан. Яг дөрвөн зүү залги гэхээр нь би айсандаа залгичихсан.
-Тэгээд өнөөх утас нь гарч ирсэн үү?
-Олдоогүй гэсэн.
-Хоолойнд чинь тээглэж өвтгөөгүй юм уу?
-Зүгээр гүйгээд орчихдог л юм байна лээ.
-Тэгээд зүү залгиснаа хэзээ хүмүүст мэдэгдсэн бэ. Ангийнхаа удирдлагуудад энэ талаар хэлээгүй юм уу?
-Айгаад хэнд ч хэлэлгүй хоёр гурав хоносон.
-Энэ хугацаанд биед чинь ямар нэгэн зовиур өгөөгүй юм уу?
-Эхлээд гайгүй байсан ч сүүлдээ гэдсээр хатгуулаад өвдөж эхэлсэн л дээ. Тэгэхээр нь ангийнхаа удирдлагуудад хэлсэн. Гэхдээ дахиад зодох байх гэж айгаад захныхаа даавууг хадаж байгаад зүү залгичихсан гэж хэлсэн.
-Ээж аавдаа ч бас тэгж хэлсэн юм уу?
-Ангийн удирдлагууд, гэрийнхэндээ захныхаа даавууг хадаж байгаад зүү залгисан гэж хэлсэн. Үнэнийг хэлчихвэл Баатар дэслэгч дахиад л зодох байх гэж айсан. Гэхдээ маш их өвдөөд тэвчихээ больсон учир аавдаа үнэнээ хэлсэн. Ингээд аав мөн ангийн дарга нар намайг Улаангом уруу авч яваад эхо-д харуулсан. Тэгсэн залгисан дөрвөн ширхэг зүүний маань нэгэн ч гараагүй байсан. Эмч эхо-д хараад дөрвөн ширхэг зүү байна, хот уруу яаралтай хагалгаанд ор гэсэн.
-Наашаа яаж ирэв. Замдаа их өвдөв үү?
-Наашаа ирэх гэсэн чинь онгоцны билет олдохгүй байсан. Гэхдээ манай аавын дүү нь онгоцны билет олж өгсөн.
-Замын зардлыг та нар өөрсдөө гаргасан юм уу. Хагалгааны зардлыг ангийн удирдлагууд чинь гаргана гэхгүй байна уу?
- Манай гэрийнхэн наашаа ирэх зардлын мөнгийг гаргасан. Харин хагалгааны зардлыг хэн гаргахыг би сайн мэдэхгүй байна.
-Хотод ирснээс чинь хойш ангийн удирдлагуудаас ирж уулзаж, холбоо барьсан уу?
-Энд ирснээс хойш хэн ч асууж сураглаагүй. Аавтай л ярьсан байж магадгүй.
-Хагалгаанд хэзээ орох вэ. Одоо биед чинь зовиур байна уу?
-Их л өвдөж байна. Хагалгаанд удахгүй орох байх.

-Ангийн удирдлагууд нь тантай уулзав уу. Ямар тайлбар хийсэн бэ?
-Штабын дарга нь надтай уулзсан. Миний хувьд энд эмнэлгийн улсуудтай л их уулзаж байна. Хамгийн гол нь хүүгээ хурдхан хагалгаанд оруулж, эдгээж авах талаар л асуудал тавьж байгаа. Эмч нар зүүг гарчихна. Хэд хоног эмчилгээг нь хийгээд харж байя л гэж хэлсэн.
-Хүүг тань үзсэн эмч нар юу гэж байх юм. Таньд тодорхой тайлбар өгсөн үү?
-Энд ирээд хүүгээ долоо хоног харж байна. Эмч нар хэлэхдээ өнөө маргаашгүй хагалгаанд оруулна гэж хэлсэн. Хүүхэд чинь дөрвөн зүү залгисан, нэг нь доор байна, нөгөө гурав нь дээрээ хөдөлгөөнтэй байна гэсэн. Тэгэхээр хагалгаанд ороход зүү хөдөлгөөнгүй байх ёстой юм байна. Задлаад хагалгаа хийх үед зүү хөдөлж байвал олдохгүй байдаг гэсэн. Ер нь бол энд тэнд хатгагдаж байж л хөдөлгөөнгүй болох юм билээ. Тиймээс зүү хөдөлгөөнгүй болохыг хүлээж байна.
-Зүү залгихад амь насанд аюул учруулах магадлал хэр юм бол?
-Амь насанд аюулгүй гэсэн. Урьд өмнө нь ийм асуудал зөндөө гарч байсан гэж эмч нар хэлсэн.
-Хүүгээ зүү залгисныг анх яаж мэдсэн бэ?
-Хүүгээсээ сонсоод ангийн дарга нарт нь асуудал тависан. Тэгээд хотод яаралтай ирсэн.
-Наашаа ирэх зардлыг та нар өөрсдөө гаргасан юм байна шүү дээ?
-16-нд наашаа гарах шаардлгатай болсон. Гэтэл онгоцны билет олдохгүй Улаангомд нэг хоносон. Гэхдээ мэдээж хүүгийнхээ төлөө ийш тийшээ утас цохиж байгаад хүнд мөнгө шилжүүлж байж билет олж авсан. Харин наашаа ирсний дараа штабых нь дарга нар зардлыг нь авч ирж өгсөн.
-Таны хүү өмнө нь зодуулж байгаа талаараа хэлж байв уу?
-Би цэрэгт очсоноос нь хойш гурван удаа очсон. Энэ бүрт л дарамт, зодуур байгаа нь ажиглагдаж байсан. Учир нь нүд нь хөхөрсөн, биед нь зодуурны сорвиуд байдаг байсан. Би ч энэ бүхнийг нь ангийн удирдлагуудад нь хэлвэл дахиад л дарамт үүсэх байх гэж бодоод өнгөрдөг байв. Харин одоо бол дуугүй байж чадахгүй. Арай ч дэндсэн асуудал болж байна шүү дээ. Цэрэгт хааяа нэг цохиулж барих асуудал байлгүй яахав. Гэхдээ зүү хүртэл залгиулна гэдэг байж боломжгүй юм.
-Холбогдох газруудад нь гомдол гаргасан уу?
-Ямар ч байсан хүүгээ хагалгаанд оруулна. Ямар үр дүн гарахыг харна даа. Тэгээд мэдээж цагдаа шүүхэд нь гомдол гаргаад явна. Увсад л очиж хэргийг шийдүүлэх юм шиг байна лээ. Би судалж үзсэн.
-Халгааны дараа хүүгээ буцаагаад ангируу нь явуулах уу?
-Явуулахгүй. Хагалгааны дараагаар хүүгээ буцааж авах талаар хөөцөлдөнө дөө.Ямар ч байсан хүүгээ эсэн мэнд дээр нь энэ цэргийн амьдралаас л салгаж авья гэж бодож сууна .
-Хүүг тань зодож, дарамталж, зүү залгиулсан Баатар дэслэгч тантай уузаж, ямар нэгэн байдлаар уучлал хүссэн үү?
-Үгүй ерөөсөө уулзаагүй. Угаасаа тэр хүн уулзаад юу ярих нь ч тодорхой. Өөрийгөө зөвтгөсөн юм л хэлэх биз.
-Энэ хүн өөрийгөө өмөөрсөн бичгийг ангийнхаа удирдлага болон ШШГЕГ-т явуулсан гэсэн. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Ах нь энэ талаар юу ч сонсоогүй.
-П.Хэнмэдэх танай хэд дэх хүүхэд вэ?
- Манайх гурван хүүхэдтэй Хэнмэдэх хамгийн том нь. Доороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй.
-Анх цэргийн албанд мордуулахдаа ийм зүйл болно гэж төсөөлөөгүй биз дээ?
-Хүү маань өөрөө дурлаж байж явсныг яана. Залуу хүн, эр хүн өөрсөө хүсч байхад хориглоод яахав гэж бодоод миний зүгээс хориглоогүй явуулсан ч ийм зүйл болсонд харамсаж байна. Ээж нь нутагтаа үлдсэн. Хүүхдээсээ болоод зүрх нь өвдөөд үлдсэн.
-Та одоо хаана байрлаж байна вэ?
-Хамаатан садныдаа л байрлаж байна.
"Манай аймагт цэргээс ирэхдээ нуруу нугасны өвчтэй болсон, уушиг нь устсан хүмүүс бий"
Хөвсгөл Цагаан-Уул сумын аймгийн хоёрдугаар багийн малчин А.Пүрэв-очир би хүүхдээ боловсролгүй өсгөснөөр өдийд ийм байдалд хүрлээ л гэж бодож байна. Цэрэгт ер нь боловсрол мэдлэг, үндэс угсаагаар нь их ялгаварладаг. Мөн цэрэгт яваад ирж байгаа залуусын ихэнх нь ямар нэг өвчтэй болсон байдаг. Манай аймагт л гэхэд цэрэгт яваад ирэхдээ олон удаа хатгаа авсанаас болоод уушиг нь устсан, нуруу нугасны өвчтэй болсон хүмүүс их бий. Хэдий малчин хүний үг ч гэсэн төр засаг үүнийг анхааралдаа авах хэрэгтэй.
Д.Баасанжав:Офицер буруутгагдвал хатуу арга хэмжээ авна. Харин байлдагч буруутгагдвал 0311 дүгээр ангийн байлдагч
П.Хэнмэдэхийг цэргийн алба хаах хугацаанд хүний нэр төрд халдсан хэргээр
эрүүгийн хэрэгт татна
Хэргийн талаар Хил хамгаалах Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Д.Баасанжаргалаас тодруулахад "Байлдагчийн хувьд Увс аймагт байхдаа гол шалтгаанаа тайлбарлаагүй. Нийслэлд ирэнгүүтээ өгсөн мэдээлэл нь “Манай дарга намайг загнаад чи гар утас хулгай хийсэн. Одоо зүү залги гэж байгаад залгиулсан” гэсэн мэдээллийг өгсөн. Бидний хувьд байлдагчийн яриа үнэн эсэхийг тогтоогоогүй байгаа. Гэхдээ энэ хэрэгтэй холбогдуулан дотоодын шалгалт хийсэн. Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн зүгээс тийм зүйл болоогүй гэсэн. Харин эцэг эхийн зүгээс дарга нь хүчээр залгиулсан хэрэг гэж байгаа. Баатар офицерийг ажлаас нь түдгэлзүүлж хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байгаа. Хамгийн гол нь тус ангийн дэслэгч “Би хуулийн байгууллагаар шалгуулж хэргийн үнэнг тогтоолгоё” хэмээн өргөдөл гаргасан. Нөгөөтэйгүүр маргааныг хэвлэл мэдээлэл болон Хил хамгаалах газар зохицуулдаг юм биш. Үүнийг цагдаа шалгаад прокурор хянасны үүдэнд шүүх авч хэлэлцэнэ. Офицерийн тухайд хэрэгт холбоотой гэдэг нь тогтоогдвол хатуу арга хэмжээ авч, хэргийг нь үүрүүлнэ. Үүнээс гадна офицерийг гүтгэсэн гээд байгаа байлдагч буруутгагдвал 0311 дүгээр ангийн байлдагч П.Хэнмэдэхийг цэргийн алба хаах хугацаанд хүний нэр төрд халдсан хэргээр эрүүгийн хэрэгт татна. Хэн нь үнэн эсэхийг шүүхийн байгууллага тогтооно" гэв.

Хэргийн талаар Хил хамгаалах Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Д.Баасанжаргалаас тодруулахад "Байлдагчийн хувьд Увс аймагт байхдаа гол шалтгаанаа тайлбарлаагүй. Нийслэлд ирэнгүүтээ өгсөн мэдээлэл нь “Манай дарга намайг загнаад чи гар утас хулгай хийсэн. Одоо зүү залги гэж байгаад залгиулсан” гэсэн мэдээллийг өгсөн. Бидний хувьд байлдагчийн яриа үнэн эсэхийг тогтоогоогүй байгаа. Гэхдээ энэ хэрэгтэй холбогдуулан дотоодын шалгалт хийсэн. Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн зүгээс тийм зүйл болоогүй гэсэн. Харин эцэг эхийн зүгээс дарга нь хүчээр залгиулсан хэрэг гэж байгаа. Баатар офицерийг ажлаас нь түдгэлзүүлж хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байгаа. Хамгийн гол нь тус ангийн дэслэгч “Би хуулийн байгууллагаар шалгуулж хэргийн үнэнг тогтоолгоё” хэмээн өргөдөл гаргасан. Нөгөөтэйгүүр маргааныг хэвлэл мэдээлэл болон Хил хамгаалах газар зохицуулдаг юм биш. Үүнийг цагдаа шалгаад прокурор хянасны үүдэнд шүүх авч хэлэлцэнэ. Офицерийн тухайд хэрэгт холбоотой гэдэг нь тогтоогдвол хатуу арга хэмжээ авч, хэргийг нь үүрүүлнэ. Үүнээс гадна офицерийг гүтгэсэн гээд байгаа байлдагч буруутгагдвал 0311 дүгээр ангийн байлдагч П.Хэнмэдэхийг цэргийн алба хаах хугацаанд хүний нэр төрд халдсан хэргээр эрүүгийн хэрэгт татна. Хэн нь үнэн эсэхийг шүүхийн байгууллага тогтооно" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (24)