Энэ сарын 9-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дүгээр ангийн байлдагчийг дэд түрүүч нь дөрвөн ширхэг зүү залгиулсан хэрэг гарсан юм. Хэргийн тухай бид нэхэн сурвалжилж хүргэсэн байгаа. Тэгвэл Хил хамгаалах ерөнхий газраас ямар байр суурьтай байгаа хүргье.Хэргийн талаар Хил хамгаалах Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Д.Баасанжаргалаас тодруулахад "Байлдагчийн хувьд Увс аймагт байхдаа гол шалтгаанаа тайлбарлаагүй. Нийслэлд ирэнгүүтээ өгсөн мэдээлэл нь “Манай дарга намайг загнаад чи гар утас хулгай хийсэн. Одоо зүү залги гэж байгаад залгиулсан” гэсэн мэдээллийг өгсөн. Бидний хувьд байлдагчийн яриа үнэн эсэхийг тогтоогоогүй байгаа. Гэхдээ энэ хэрэгтэй холбогдуулан дотоодын шалгалт хийсэн. Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн зүгээс тийм зүйл болоогүй гэсэн. Харин эцэг эхийн зүгээс дарга нь хүчээр залгиулсан хэрэг гэж байгаа.
Зүү залгиулсан гээд байгаа офицерийг ажлаас нь түдгэлзүүлж хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Хамгийн гол нь тус ангийн дэслэгч “Би хуулийн байгууллагаар шалгуулж хэргийн үнэнг тогтоолгоё” хэмээн өргөдөл гаргасан. Нөгөөтэйгүүр маргааныг хэвлэл мэдээлэл болон Хил хамгаалах газар зохицуулдаг юм биш. Үүнийг цагдаа шалгаад прокурор хянасны үүдэнд шүүх авч хэлэлцэнэ.
Офицерийн тухайд хэрэгт холбоотой гэдэг нь тогтоогдвол хатуу арга хэмжээ авч, хэргийг нь үүрүүлнэ. Үүнээс гадна офицерийг гүтгэсэн гээд байгаа байлдагч буруутгагдвал 0311 дүгээр ангийн байлдагч П.Хэнмэдэхийг цэргийн алба хаах хугацаанд хүний нэр төрд халдсан хэргээр эрүүгийн хэрэгт татна. Хэн нь үнэн эсэхийг шүүхийн байгууллага тогтооно" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (1)