НОБГ-аас "Сандэй" худалдааны төвд гарсан галын асуудлаар мэдээлэл хийлээ. Өчигдөр шөнө 22.30 цагт Шуурхай мэдээллийн төвд “Худалдааны төвд гал гарч байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу гал унтраах гурван анги 22.40 цагт "Сандэй" худалдааны төвийн гал гарсан хэсэгт очиж, галыг унтраажээ. Гал тус худалдааны төвийн долдугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг хоёр цайны газарт гарсан байна. Гал гарсны улмаас сэндвичин хавтангаар барьсан дээвэрийн хоёр хэсэгт гал гарч шатаж эхэлсэн байна. Галын улмаас барилгын хэсэг газрын дээвэр шатсан ба доод давхрууд руу гал, утаа ороогүй гэнэ. Мөн нэг ч түрээслэгчийн бараа, бүтээгдэхүүн гал, утаанд өртөөгүй гэдгийг НОБГ-аас мэдээлэв. Гал гарсан шалтгааныг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж байгаа аж. Өнөөдөр тус худалдааны төв хэвийн ажиллаж байна.
Т.Энхэлээ




















































