Монголд битгий хэл дэлхийд ховордсон Цармын бүргэд устаж үгүй болох аюул нүүрлэжээ. Маш хурдан шунган нисдэг бас хайр дурлалдаа үнэнч гэдгээрээ алдартай энэ шувууны өдийг л гэхэд Баян-Өлгийчүүд япончуудад 402.000 төгрөгөөр зарж байгаа гэнэ. Тодруулбал Баян-Өлгий аймгийн “Цармын бүргэд” төрийн бус байгууллага анчдаас бүргэдийн гуужсан өд худалдаж аван Япон улсын “Нум сум” нэртэй нийгэмлэгт нийлүүлэхээр болжээ. Тус нийгэмлэг өдийг нум сум хийхэд ашигладаг юм байна. “Цармын бүргэд” ТББ-ынхан япончуудтай хамтран анчин бүргэдтэй хүмүүсээс өдийг үнэ тогтоон худалдан авахаас гадна бүргэдийг жилийн турш тэжээх санхүүжилтийг бас өгдөг аж. Мөн энэ төрлийн бизнес эрхлээд 10 гаруй жил болж байгаа гэнэ.
Шилийн сар, хээрийн бүргэд, цармын бүргэд, идлэг шонхор, амарын шонхор, нөмрөг тас, ооч ёл зэрэг дэлхийд ховордож буй махчин шувуудын өндөглөн засдаг үржлийн чухал нутаг нь Монгол. Тиймдээ ч манай оронд эдгээр шувууд ховордоход Монгол төдийгүй Азийн бусад орны махчин шувуудын судалгаа болон хамгаалах бодлогод өөрчлөлт ордог гэдэг. Махчин шувуу нь экосистемйн оройд нь байдаг зүйл. Тиймээс махчин шувуу устахад байгаль орчин, экосистемийн тэнцвэр алдагддаг гэж энэ салбарын эрдэмтэд анхааруулдаг.
2002 оны тооллогоор монгол улсын тал хээрийн бүс болон алтайн өндөр хавцлуудад 10 мянга гаруй шонхор байна гэж тоологдож байжээ. Гэсэн ч сүүлийн жилүүдэд бүргэдийн тоо эрс цөөрсөн байна. Учир нь манай улс 1995 оноос арабуудад шонхор шувууг гаргаж эхэлсэн. Хоёр жилийн өмнө л гэхэд 240 гаруй шонхор шувууг Катар, Араб, Эмират, Кувейт зэрэг улсуудад экспортоор гаргаж байжээ. Ингэхдээ ганц Баян-Өлгий аймгаас бус Завхан, Говь-Алтай, Увс зэрэг аймгуудаас ч бүргэдийг экспортлож байгаа юм. Энэ нь тус шувууг эрс цөөрөхөд хүргэж байгаа бөгөөд байгаль экологид ихээхэн аюул дагуулаад байна.
Шонхор болон бүргэд шувуу нь байгаль экологийн төлөв байдалд ихээхэн ач холбогдолтой. Тухайлбал, монгол орны хэмжээнд байгаа хээр талын бэлчээрт сөргөөр нөлөөлдөг мэргэчдийн тоо толгойг хянаж, тогтворжуулж байдаг. Нөгөө талаасаа монгол орны олон амьтдын тоо толгойг зохицуулж байдаг шувуу. Гэтэл бүргэдийн тоо ингэж огцом буурснаар сүүлийн үед манай улсын ихэнх бэлчээрийн тэжээлт газрууд үлийн цагаан оготны идэш болж талхлагдаж байна. Түүний хоол нь мэрэгч амьтад, жижиг шувууд байдаг учраас байгаль экологийн тэнцвэрт байдлыг тодорхойлогч “АЙБОЛИТ ДОКТОР”-ын үүрэг гүйцэтгэдэг байна. Цаашдаа шонхор болоод бүргэд шувууг мөнгө олох бизнесийн арга болгоод байх юм бол Монгол орны байгаль экологи маш ихээр доройтох нь ойлгомжтой.
Уг нь нэн ховордож буй амьтныг агнах, зарахад хязгаар тавина гэж Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас саяхан мэдэгдсэн. Гэтэл бодит байдал дээр нөгөө шувууны далд бизнес байсаар л байна.
Шонхорын эр нь 3 сая, эм нь 3,9 сая, дэгдээхэй нь 5,1 сая төгрөгний экологи эдийн засгийн үнэлгээтэй болсон нь хандгай бугынхаас өндөр болоод байгаа юм. Харин бүргэдийн өдийг нь 400 гаруй мянган төгрөгөөр зарж байгаа нь энэ төрлийн бизнес улам нарийн аргатай болж буйн шинж.
Ер хүн төрөлхтөний түүхэнд ханьсаг нэгэндээ үнэнч гэдгээрээ алдартай тус шувуудын хүчирхэг, шаламгай, дайчин чанарыг нь бишрэн шүтэж хүндлэн дээдэлсээр ирсэн. Харин одоо бид өндөр өвөг эцгээс шүтэж хайрлаж ирсэн шувуугаа хил дамнуулан гаргасаар.
24tsag.mn



















































Сэтгэгдэл (4)