
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалсан гэх мэдээлэл шуугиан тариад байгаа юм. Хэргийг тодруулбал, уржигдар шөнө Сүхбаатар дүүргийн нутаг, Төрийн ордны хойд талд байрладаг "LE Triskell" ресторанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, "Центрпоинт"-ийн гэх хэрэгт холбогдож байсан Г.Нямдорж, түүний найз Баттулга нар уулзалдсан аж. Улмаар хоорондоо муудалцаж Н.Номтойбаяр зуушны хутга барьж Г.Нямдорж руу дайрсан байна. Энэ үед түүний найз Баттулга дундуур нь орсноор Н.Номтойбаяр нуруу руу нь хутгалж гэмтээжээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлсэн бөгөөд Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн 181/3-т зааснаар "Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн олон нийтийн газарт танхайрсан" гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж албаны эх сурвалж мэдээлж байна. Харин Н.Номтойбаяр гишүүний зүгээс энэ хэргийг үгүйсгэж байгаа юм. Тэрбээр хүн хутгалсан бус Г.Нямдорж түүн рүү хутга барьж дайрсан гэж мэдэгдсэн ба Г.Нямдоржийг огт танихгүй гэж мэдүүлсэн. Гэвч Н.Номтойбаяр, Г. Нямдорж нар тагнуулын байгууллагад ажиллаж байсан найзууд гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)