УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын
өмгөөлөгч Н.Мандахаас зарим зүйлийг тодрууллаа.-Н.Номтойбаяр 181.3 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар хэдхэн хормын өмнө ЦЕГ-аас албан ёсоор мэдэгдсэн. Энэ талаар?
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдуулаад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх асуудлаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр албан ёсоор бичгээ хүргүүлж байгаа гэсэн утгатай мэдээлэл хийж байна лээ. Энэ бичиг нь өнөөдөр албан ёсоор гишүүн болоод өмгөөлөгчид ирээгүй. Тийм учраас би өнөөдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх асуудал дээр эсрэг байр суурьтай байна. Хууль хяналтын байгууллагаас энэ хэргийг шалгах ёстой. Мөн энэ хэргийн гол мэдээллийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд өгөх байх гэж үзэж байна.
-Тухайн өдөр яг юу болсныг та мэдэж байгаа юу?
-Гишүүн өчигдөр өдрийн сонин болоод хэвлэл мэдээллийн хэрэгсэлд товч ярилцлага өгсөн байгаа. Тэр ярилцлага дээр тухайн орой бусдыг хутгалсан гэх үйл явдал болоогүй гэж хэлсэн. Үүнээс илүү яг юу болсныг би хэлэх боломжгүй. Мэдээж үүнийг хууль хяналтынхан шалгаж байгаа бол үнэн зөвийг тогтоох байх.
-Тухайн үед Н.Номтойбаяр гишүүн тайлбар өгөхдөө Г.Нямдорж гэх этгээд хутга барьж орж ирсэн. Хохирогч нь “Шинэ дэлхий” телевизийн захирал гэж мэдэгдсэн. Энэ тал дээр?
-Тэр хүмүүсийг барьчихсан байхыг үгүйсгэхгүй. Яг энэ асуудлаар цагдаагийн байгууллага дээр тухайн хохирсон гээд байгаа иргэд болоод гэмт хэрэгт холбогдсон улсыг хэрвээ шалгаж байгаа бол энэ мөрдөн байцаалтын нууцтай холбоотой асуудал.
-Өнөөдөр чуулган хаахад Н.Номтойбаяр гишүүн ирээгүй байсан. Мөн энэ хэвлэлийн хурал дээр ч ирээгүй байна?
-Энэ асуудлаар би мэдэхгүй. Миний хувьд гишүүн өнөөдөр Улаанбаатар хотод хэвийн ажил үүргээ гүйцэтгэж яваа гэж ойлгож байгаа.
-Эрүүгийн хэрэг үүсгэлээ гэсэн албан бичгийг цагдаагийн байгууллагаас ирвэл очиж мэдүүлэг өгнө биз дээ?
-Мэдээж баримт бичиг албан ёсоор ирвэл хуульд заасныхаа дагуу оролцоод л явна.
-ЦЕГ-ын өгсөн мэдээллийг таныг үгүйсгэж байна гэж ойлгож болох уу?
-ЦЕГ-аас өөрсдийн эрх үүргийнхээ дагуу мэдээллийн өгсөн байх. Гэхдээ мэдээллийг дэлгэрэнгүй эсвэл нээлттэй өгсөн бол энэ асуудал тодорхой байсан гэж бодож байна.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийг нь буруутгасан ийм мэдээлэл гараад байхад мөн ЦЕГ-аас мэдээлэл хийчихээд байхад гишүүн өөрөө хуулийн байгууллагад хандаж болохгүй юм уу?
-Дуудвал л очихоос очих шаардлагагүй.
-Хутгалуулсан гээд байгаа хүнтэй Н.Номтойбаяр гишүүн биечлэн уулзсан болов уу?
-Уржигдар болсон үйл явдал байхад өнөөдөр шүүх шинжилгээний байгууллагаас дүгнэлт нь тийм хурдан гараад, цагдаагийн байгууллагаас хөнгөн гэмтэл гээд үзэж байгаа асуудал байхгүй байх гэж ойлгож байна. Цаг хугацааны хувьд шүүх эмнэлгийн дүгнэлт хурдан гараад яригдах асуудал биш гэж ойлгож байгаа. Хэн нь ямар гэмтэл авсан юм. Мөн хэн нь буруутай гэдгийг мэдээж хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтоох байх.
-Н.Номтойбаяр гишүүн албан ёсоор хэвлэлийн хурал зарлаж өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юм уу?
- Ямар ч байсан гишүүн өөрийн байр суурийг илэрхийлэх байх. Мөн хэд хоногийн дараа өөрийн биеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх байх. Одоогоор ажил төрөлтэй байгаа биз.
-Н.Номтойбаяр гишүүний хувьд таньд юу гэж хэлж байх юм?
-Би хутгалаагүй. Хэн нэгэн этгээдийн буруутай үйл ажиллагаа тэнд байгаа шүү гэдгийг л гишүүн илэрхийлж байгаа.
-Таны хувьд өмгөөлөгчөөр нь хэдэн жил ажиллаж байгаа билээ?
-Сүүлийн 10-иад жил ажиллаж байна.
-Ийм олон жил өмгөөлөгчөөр нь ажилласан хүний хувьд тэр Г.Нямдорж гээд байгаа хүний талаар мэдэх байх. Н.Номтойбаяр гишүүнтэй хэзээнээс танил болсон хүн юм бол?
-Сүүлийн 2-3 жилийн хугацаанд байх.
Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (2)