Хятад улс хууль бус зэвсэг, тэдгээрийг наймаалцах явдалд хатуу хяналт тавьсаар ирсэн. Хамгийн сүүлд 130 гаруй мянган хууль бус буу, 670 мянган автомат буу, 460 мянган хутга, мэсийг устгалд оруулжээ. Тэр дундаа Хятадын автономит мужид хууль бус зэвсгийн наймаа интернэтээр явуулж буй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ялангуяа, Хятадын хойд хэсэгт орших Өвөр Монголын автономит муж улсад онцгой анхаарал хандуулж байгаа гэнэ. Учир нь сүүлийн үед интернэт худалдаа нь энэ төрлийн наймаа хийх гол төв болоод байгаа бөгөөд Өвөр Монголоор дамжуулан зэвсэг орж ирэх магадлалтай гэж үзсэн байна. Саяхан явуулсан шалгалтаар буу зэвсэгтэй холбоотой 1000 гаруй интернэт сайт байгааг илрүүлжээ. Тийм ч учраас буу, зэвсэг хураах компанит ажлыг Өвөрмонголд эрчимтэй өрнүүлж, монголчуудын гоёл чимэглэлийн зориулалтаар урлаж, бие биедээ бэлэглэж ирсэн хутгыг хүртэл хурааж эхэлсэн ажээ. Хятадын нэгэн хэвлэлд Өвөрмонголыг батлан хамгаалах салбарын стратегийн гол төв болгон хөгжүүлэх гэж байгаа тухай
нийтэлжээ. Энэ нь ч Өвөр Монголд онцгой анхаарал хандуулах гэсэн цаад шалтгаан болов уу. Харин Хятадын талаас үндэстний тогтвортой байдлыг хангаж, терроризмын эсрэг тэмцэхийн тулд хяналт тавьж байгаа гэж тайлбарласан байна. Ер нь, Хятадад галт зэвсэг эзэмшигчид хүн амын маш цөөн хувийг эзэлдэг. Томоохон хотуудад галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг үүнийг дагаад маш ховор гардаг гэж хэлж болно. Эрх баригчид хууль бус зэвсгийн тоог бууруулах нь 1980-1990-ээд оны хооронд байсантай адил зохион байгуулалттай гэмт хэрэг далд хэлбэрээр орших, зэвсгийн худалдааны урсгал газар авахаас сэргийлж байгаа хэрэг юм. Хятадууд буу зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг гарч болзошгүй хэмээн Өвөрмонголд хяналт шалгалтыг чангатгаж эхэллээ. Харин манайд галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргүүд гарсаар байгаа учраас Өвөрмонгол дахь наймааны урсгалаас сэрэмжлэх шаардлага тулгараад байна.24tsag.mn



















































Сэтгэгдэл (3)