
Мөн “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлж буй ажил, мөн бодлогын хэрэгжилт аль шатандаа явж буй талаар ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргалтай ярилцлаа.
- Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд гарсан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр сургагч багш бэлдэх ажлыг ЭМЯ-наас эхлүүлсэн гэсэн. Энэ ажил хэрхэн хийгдэж байгааг тодруулбал?
- Монгол улсын Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэл хамгаас чухал хөрс суурь болно. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хийх гол хүч маань тус салбарт ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтан, эмч, эмнэлгийн ажилтнууд юм. Иймд Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн баримт бичгүүдийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд танилцуулах сургагч багш нарыг бэлтгэж, гарын авлага, удирдамжаар хангасан. Бэлтгэгдсэн багш нар орон нутагт, эрүүл мэндийн байгууллагуудад очиж, сургалтуудыг зохион байгуулж байна.
- Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын талаар хэвлэл мэдээллээр нэлээд шүүмжилдэг. Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлого нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хэрхэн хэрэгжиж байна вэ?
- Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг таниулах ажил нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудад ч мөн хэрэгжиж байна. Нийслэл хотод маань Монголын хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөн, түр оршин суугчид ихтэй. Түүнчлэн жилдээ 100, 210 оюутан орон нутгаас нийслэлд шилжин ирж сурдаг зэрэг нь нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг эрс нэмэгдүүлдэг. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарт нийслэлийн иргэдийн сэтгэл ханамж тааруу, түүнтэй холбоотой гомдол, шүүмжлэл багагүй гарч байна. Иймд энэхүү шинэчлэлийн хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг тодорхойлж, дэмжлэгт хяналт болон удирдлагаар хангаж ажиллах ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 371 дүгээр тушаалаар батлан, үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ ажлын хэсэг 15 дэд хэсэгтэйгээр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад шинэчлэлийн бодлого хэрхэн хэрэгжиж байгааг үнэлж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг гаргаж боловсруулан, Нийслэлийн Засаг даргын зөвлөл, Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэх юм. Ажлын хэсгийг Эрүүл мэндийн дэд сайд ахалж байгаа. Энэ үйл ажиллагаанд Нийслэлийн ЗДТГ-аас ч мөн ач холбогдол өгч хамтран ажиллаж байна.
- Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал юу байна вэ? Түүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?
- Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгүүд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж, эмч, эмнэлгийн мэргэжилтний санаа бодлыг сонсож, иргэдтэй уулзаж ярилцсанаар тулгамдсан асуудлыг нэлээд тодорхой гаргаж ирнэ. Гэхдээ нийслэлийн хүн ам эрс нэмэгдсэнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдэж байна. Жишээ нь: Нийслэлийн нэгдсэн эмнэлгүүд зөвхөн дотор, мэдрэлийн чиглэлээр л тусламж үзүүлж байна. Зүй нь тэд осол гэмтэл, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, халдвартын чиглэлээр тусламж, үйлчилгээг үзүүлж, энэ чиглэлийн түргэний дуудлагаа ч нэгдсэн эмнэлэг зохицуулж ажилладаг байх ёстой. Тийм биш байгаагаар төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд дээрх чиглэлийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлж, лавлагаа төв байх үүргээ хэрэгжүүлэх боломж муу байна. Зөвхөн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд л гэхэд дүүргийн эмнэлгийн түвшинд тусламж үзүүлж болохуйц жижиг шалбарсан шарх, нохойд уруулсан, хальтарч унасан гэх мэтээр гэмтсэн бүх тохиолдлууд үзүүлж, тусламж авч, тэнд төвлөрөл үүсч, ачаалал нэмэгдэж, иргэдийн бухимдал үүсч байна. Бид энэ чиглэлийн тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулж, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлэх, зарим тусламжийг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, зарим дүүргийн мэс заслын тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн эмнэлгүүдэд шилжүүлсэн.
Мөн амаржих газруудын ачаалал эрс нэмэгдсэн. Нийслэлийн хүн амыг 600,000 орчим байх үед ажиллаж байсан амаржих газруудын хүчин чадал бараг тэр хэвээрээ байна. Шинээр баригдсан амаржих газруудын барилгаас одоогоор Клиникийн нэгдүгээр амаржих газрын өргөтгөл 150 ортой эмнэлгийн барилга ашиглалтад орсон. Нийслэлийн гуравдугаар амаржих газар, 300 ортой нийслэлийн Эх, хүүхдийн төвийн барилга угсралтын ажил одоог хүртэл дуусаагүй байна. Амаржих газруудын ачааллыг бууруулах зарим зохицуулалтыг хийж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Сонгинохайрхан дүүргийн арван хорооны эх барихын тусламжийг шилжүүлсэн.
Нийслэлд эмэгтэйчүүдийн өвчин эмгэгийг оношилж, эмчлэх чиглэлээр хувийн хэвшлийн олон эмнэлгүүд ажилладаг ч, эх барихын тусламж үзүүлэх зөвшөөрөлтэй нь цөөн. Эдгээр эмнэлгүүдэд эх барихын тусламж, үйлчилгээг хэрхэн шилжүүлж болох талаар бид судалж байна.
- Та дээр хэлэхдээ 15 дэд хэсэгтэй гэлээ. Энэ ажлын хэсэг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг шалгаж, асуудлыг шийдвэрлэх үү?
- Сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг дараах 15 чиглэлээр ажиллана. Ажлын хэсгийн гол зорилго нь шалгаж, буруутныг хайх явдал биш, өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг харилцан ярилцаж шийдвэрлэх, дэмжлэг хяналт, үнэлгээ хийх юм. Үүнд:
1. Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай байгуулсан гэрээний хэрэгжилтийн явцыг үнэлэх, дүгнэх,
2. Нийслэлийн эрүүл мэндийн газрын бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт, үйл ажиллагааны шинэчлэлд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах,
3. Дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны шинэчлэлд үнэлгээ, дүгнэлт өгөх,
4. Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээний байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх,
5. Хүүхдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх,
6. Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн үйл ажиллагааны шинэчлэлд үнэлэлт өгөх,
7. Нийслэлийн яаралтай тусламжийн шинэчлэлийн байдалд үнэлэлт өгөх,
8. Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэчлэлийн байдалд үнэлэлт өгөх,
9. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт, ашиглалтыг үнэлэх
10. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогын шинэчлэлийн хэрэгжилтэд үнэлгээ хийх,
11. Нийслэлийн хүн амын эм хангамж, эмийн чанар, аюулгүй байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх,
12. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын барилга, их засварын ажил, үйлчилгээ, эзэмшлийн газрын ашиглалтын байдлыг үнэлж, дүгнэх,
13. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг хийх,
14. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн тусламж, үйлчилгээнд үнэлгээ хийх,
15. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээг үнэлж, дүгнэлт өгөх гэсэн чиглэлээр дэд хэсгүүд ажиллаж, холбогдох материалуудтай танилцаж эхлээд байна.
- Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Энэ нь их шинэлэг, үйл ажиллагаа санагдаж байна л даа. Энэ үйлчилгээнийхээ талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Иргэдийн сэтгэлд нийцсэн найман үйлчилгээний удирдамжийг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 344 дүгээр тушаалаар баталж, эрүүл мэндийн бүх шатны байгууллагуудад хэрэгжүүлж эхэлсэн. Уг удирдамжид сэтгэлд нийцсэн угтах, лавлах, эргэх, зөвлөх үйлчилгээ, сэтгэлд нийцсэн оношилгоо, эмчилгээ, сувилгаа, мөн хөнгөвчлөх эмчилгээний асуудал багтаж байгаа. Оношилгоо, эмчилгээ бол эмнэлзүйн удирдамж стандартын дагуу нотолгоонд тулгуурласан тусламж байх ёстой гэдгийг бид бүгд мэднэ. Үйлчлүүлэгчийг угтах, түүнд зөв мэдээллийг ойлгомжтой хэлээр тодорхой мэдээлэх, зөвлөгөө өгөх, өгсөн зөвлөгөөг ойлгосон эсэхийг тодруулж асуух, үйлчлүүлэгчийг үдэх зэрэг нь тухайн эмч, эмнэлгийн мэргэжилтний, тухайн байгууллагын маш том соёл байх ёстой гэж үзэж байгаа. Ер нь бид эрүүл мэндийн байгууллагуудыг “ТАВАН ОДТОЙ” зочид буудал шиг байгууллага болгохыг зорьж ажиллаж байна.
- Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны зан харилцааны асуудлаар хэрэгжүүлж байгаа ажил юу байна? Үр дүн нь гарч байгаа ажил байна уу?
- Манай салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтний зан харьцаа, ёс зүйн асуудалтай холбоотой гомдол, шүүмжлэл гардаг. Засгийн газрын нээлттэй 1111 утсанд ч энэ талаарх мэдээлэл ирж байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний талаар хөндлөнгийн үнэлгээг төрийн бус байгууллагаар хийлгэж, уг үнэлгээнээс гарсан зөвлөмжийн дагуу нэлээд ажлыг хийж байна. Иргэдээс ирүүлсэн ихэнх гомдлын гол агуулга нь эмнэлгийн ажилтнуудын харьцаа муу, эмнэлгийн хүлээгдэл их, ур чадвар дутмаг, гаднаас эм тариа авахуулж байна гэсэн шалтгаан давамгайлдаг. Гэхдээ эрүүл мэндийн байгууллага бүхэн хичээж ажилласны дүнд энэхүү гомдол эрс буурч, харин эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахад чиглэсэн, бидний хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжсэн санал хүсэлт ирүүлэх нь нэмэгдэж байгаа. Эрүүл мэндийн сайдад маш олон иргэд гомдол гаргадаг байсан. Бид сайдад хандаж уулзах хүсэлт гаргасан иргэдийг тусгай хуваарийн дагуу газрын дарга нар, сайдын зөвлөхүүд хүлээн авч уулзан, асуудлыг шийдвэрлэж хэвшсэн. Эрүүл мэндийн яам 1111 утсаар ирүүлсэн иргэдийн санал, хүсэлт, гомдолд маш шуурхай хариу өгч, шийдвэрлэж байна. Бид эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн алдааны даатгалын тухай хуультай болохоор ажиллаж байна. Хуулийн төслийг боловсруулаад, үйлдвэрчний эвлэл болон холбогдох бусад байгууллагуудаас санал авч байна.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсгийн хүний нөөц, удирдлагын чиглэлээр үнэлгээ хийх дэд хэсэг нь эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын ачаалал, тогтвор суурьшил, сургалтанд хамрагдсан байдал, мэргэжил дээшлүүлсэн байдал, давхар хөдөлмөр эрхлэлт, цалин урамшууллын байдлыг үнэлнэ. Жишээлбэл, дээрх ажлын хэсгүүдэд бид төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж байгаа. Эмч, эмнэлгийн мэргэжилтний харьцаа, ёс зүй, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх нь илүү зохистой гэж үзсэн.
- Мөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, дүүргүүдийн бүтэц зохион байгуулалтыг хэрхэн төлөвлөж байна. Үйл ажиллагааны чиглэлд шинэчлэл хийж байгаа болов уу?
- Би сая хэлсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн тухай хуульд заасан үндсэн мэргэжлийн тусламжийг дүүргийн эмнэлгүүдээр үзүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэх хэрэгтэй. Бид Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил-4” төслийн хүрээнд дүүргийн нэгдсэн эмнэлгийг Сонгинохайрхан дүүрэгт байгуулан ажиллуулахаар төлөвлөж байна. Эрүүл мэндийн яамнаас “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт”-ын төслийг боловсруулан, Стандартчлал хэмжилзүйн газарт хүргэсэн байгаа. Уг стандарт батлагдахад нийслэлийн дүүргүүдэд дээрх тусламжуудыг хэрхэн үзүүлэх талаар одооноос бэлтгэх шаардлагатай байна. Нийслэлийн түргэн тусламжийн үйлчилгээ ямар байх, хаана байрлавал иргэдэд ойртож, түргэн шуурхай хүрэх вэ, ямар бүтэцтэй байх нь үр ашигтай, өртөг зардал багатай байх вэ гэдгийг сайтар ярилцах хэрэгтэй асуудал. Удаан хугацааны асаргаа, сувилгаа шаардлагатай иргэдэд үзүүлэх сувилахуйн болон хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ гэдгийг шийдвэрлэх нь үйлчлүүлэгч, тэдний ар гэрийнхэнд маш чухал асуудал. Энэ чиглэлээр бид онцгой анхаарна.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг хэрхэн оролцуулах, хувийн хэвшлийн байгууллагуудаар үзүүлж буй тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар ямар байгаа вэ гэдгийг ч мөн үнэлэх болно.
- Өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний багцыг тодруулна уу, түүний ач холбогдол юунд байна вэ? Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэчлэл дээр ямар асуудал яригдаж байна вэ?
- Эрүүл мэндийн сайдын 2013 оны 248 дугаар тушаалаар өрхийн Эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний багцыг баталсан. Энэ нь өрх, сумын эмнэлгийн түвшинд оношилж, эмчилж, зөвлөгөө өгөх тусламж, үйлчилгээний нэр төрөл жагсаалтын багц юм. Уг багцад тулгуурлан, тухайн эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөц, тухайн шатлалд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын агуулга, чиглэл бүгд тодорхойлогдоно. Энэхүү багцад үндэслэн тухайн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн урьдчилсан тооцоог хийх боломж бүрдсэн. Мөн өрх, сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг үнэлэхэд ч хялбар болсон. Ажлын хэсгийн нэг дэд хороо нь нийслэлийн 9 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний багцын хэрэгжилтэд үнэлгээ өгөхдөө түүврийн аргаар дүүрэг бүрээс тодорхой тооны өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгнө.
- Мянганы хөгжлийн гол зорилт нь хүүхдийн эндэгдлийг бууруулах явдал. Гэтэл нийслэлд хүүхдийн тусламж байнга гомдол дагуулж байдаг, энэ чиглэлээр ажлын хэсгүүд юу хийхээр төлөвлөсөн бэ?
- Эрүүл мэндийн анхан шатны болон дүүргийн түвшинд хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний уялдаа холбоо, хүртээмж, чанарыг үнэлэх бөгөөд ялангуяа стандарт удирдамжийн хэрэгжилт, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн байдал, эрүүл мэндийн байгууллагын чадавх, тушаал шийдвэрийн хэргэжилтэд дүгнэлт өгч, эмч, сувилагчдын эмнэлзүйн ур чадварыг хянаж, тандаж, зөвлөгөө өгнө. ДЭМБ-аас хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний гол гарын авлага болгон зөвлөж буй “Хүүхдийн өвчний цогц менежемент”–ийн хэргэжилтэд онцгой анхаарна. Энэ чиглэлээр сургалтад хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалтын дараах үнэлгээ, тандалтыг олон улсын байгууллагуудаас санал болгосон нэгдсэн аргачлалаар хийж, үнэлнэ. ХӨЦМ-ийг хэрэгжүүлэхэд шаардагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног, төхөөрөмжийн хангалт, хүртээмжийг үнэлнэ. Мөн лавлагаа төвтэй үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгаа байдал, өвчтөн шилжүүлэх, зөвлөгөө авах, хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээ зэрэгт учирч байгаа саад бэрхшээлийг хэрхэн арилгах талаар тухайн тусламжийг үзүүлж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эцэг, эх, асран хамгаалагчдын санал сэтгэгдлийг сонсож, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусгах болно.
- Эхийн эндэгдэл улсын хэмжээнд нэлээд буусан үзүүлэлттэй байгаа нь статистикийн мэдээнээс харагдаж байна. Харин эхийн нас баралт нийслэлд нэмэгдсэн гэх юм. Энэ талаар тодруулна уу?
- Улс орны хөгжлийн түвшинг илэрхийлэх гол үзүүлэлтүүд нь эх, хүүхдийн нас баралт буурсан байдал, халдварт өвчний бууралт байдаг. Монгол улс эхийн болон хүүхдийн эндэгдлийн түвшин өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн. Монгол улс Мянганы хөгжлийн зорилтын амлалтыг авч байх үед биднийг мөрөөдлийн амлалт авч байна гэж хэлж байсан улс төрчид ч бий. Харин өнөөдөр биднийг Мянганы хөгжлийн зорилтыг хангах магадлал өндөртэй орон гэж НҮБ-ын Ерөнхий захирал үнэлсэн байгааг та бүхэн бүгд мэднэ. Энэ үзүүлэлтэд хүрэхэд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн бүр асар их хөлс, хүч хөдөлмөрөө зориулсан. Гэхдээ эх, нярайн тусламж, үйлчилгээнд тулгамдсан асуудлууд байсаар байна. Эхийн нас баралт гэдэг нь зөвхөн төрөх үеийн асуудал биш юм. Үүнд үр хөндөлт, зулбалт, жирэмсэн байх үедээ болон жирэмсэлт төгссөнөөс хойш 42 хоног доторх эмэгтэйн нас баралт багтдаг. Энэ оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн түвшинг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд буурсан. Гэхдээ нийт нас барсан тохиолдлын 61 хувь буюу 13 тохиолдол нь нийслэлд бүртгэгдсэн. Эхийн нас баралтад иргэдийн эрүүл мэндийн боловсрол, тусламж хайх мэдлэг, тусламжид хүрэхэд тулгарч буй аливаа бэрхшээл, эрүүл мэндийн салбарын хөгжлийн түвшин зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Энэ онд захаас үр зулбуулдаг гэх хуурамч эмийг авч ууж, хүндэрснээс 4 эмэгтэй нас барсан. Иймд бид охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд, их дээд сургуулиудтай хамтран идэвхтэй хийж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг мөн нийслэлийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ, түүнд тулгамдсан асуудлыг үнэлнэ. Энэ чиглэлээр мөрдөгдөж буй стандарт, удирдамж, журмын хэрэгжилтийг үнэлж дүгнэнэ.
- Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр шинэчлэлийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байна?
- Эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн ажилтан бүгд иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, зөв мэдээлэл өгөх ажлыг тогтмол хийж байх ёстой. Ер нь өвдөх үү, эс өвдөх үү гэдгийн 70 гаруй хувь нь хувь хүнээс шалтгаалдаг. Аливаа өвчнөөс сэргийлэх, аюултай шинжийг эрт таньж мэдэх, тусламж хайх, бусдад анхны тусламж үзүүлж чаддаг байх аргуудад иргэн бүр суралцвал зохино. Иймд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа онцгой ач холбогдолтой. Эрүүл агаарт алхах, зөв хооллох, эрүүл хот, эрүүл мэндийг дэмжигч сургууль, цэцэрлэг, байгууллага болох, архи, тамхинаас татгалзах, дархлаажуулалтын аян гээд олон ажлыг бид хэрэгжүүлдэг. Энэ бүгдэд орон нутгийн байгууллагуудын оролцоо маш чухал тул нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад энэ чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явцыг үнэлэх асуудлыг ажлын хэсэг чухалчилж байгаа.
- Шинэчлэлийн бодлого яригдаж эхэлснээр эм хангамж, эмийн чанар, аюулгүй байдлыг анхаарч ажиллах болсон. Энэ хүрээнд хийж байгаа ажлаасаа танилцуулахгүй юу?
- Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын гол асуудлын нэг нь эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, тэгш хүртээмж, чанар аюулгүй байдлын асуудал юм. Эм, эмнэлгийн хэрэгслийн хэрэглээ хяналт манай улсад нэлээд сул байгаа. Эрүүл мэндийн яамнаас 169 эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх байгууллагууд, нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй 251 эмийн сангуудад үнэлгээ хийсэн. Холбогдох хууль, стандартуудын дагуу хийсэн үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн 37 эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх байгууллагууд 19 эмийн санг хүчингүй болгосон. Мөн 25 эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 81 эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөрчил арилгатал түр хугацаагаар түдгэлзүүлсэн байгаа.
Түүнчлэн биологийн идэвхт бүтээгдэхүүний асуудалд анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Иргэд янз бүрийн бүтээгдэхүүнийг гараас гарт сүлжээний хэлбэрээр авч, хэрэглэж байна. Мөн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүх өвчин эмгэгийг эмчилдэг “МӨНХИЙН УС” гэх мэтээр л тайлбарлаж, сурталчилж байна. Иймд бид “Биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагад тавигдах шаардлага” үндэсний стандартыг боловсруулан, Стандартчилал хэмжилзүйн үндэсний хорооны хурлаар батлуулж, улсын хэмжээнд мөрдүүлж эхлээд байна. Энэхүү стандарт хэрэгжсэнээр аливаа биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ганзгын наймааны хэлбэрээр, сүлжээний хэлбэрээр импортлох, борлуулах асуудал хязгаарлагдана. Уг бүтээгдэхүүнийг мэргэжлийн хүн, мэргэжлийн байгууллага, тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр нийлүүлнэ. Бүтээгдэхүүний сурталчилгаа танилцуулга нь зөв зохистой болно гэж үзэж байна. Мөн эмийн хууль бус худалдааг арилгахад анхаарч ажиллаж байна. Захаас үр зулбуулдаг гэх эмийг худалдаж авч хэрэглэснээс хэд хэдэн эмэгтэй амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол сүүлийн жилүүдэд гарсан. Иймд ЭМЯ-наас холбогдох байгууллагуудтай хамтран үр зулбуулах эмийг нийлүүлэх, худалдах, худалдан авч байгаа байдалд шалгалт хийж байна.
- Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тоног, төхөөрөмжийн чанар, баталгаат засвар үйлчилгээний асуудал нэлээд хүнд байсаар байна аа?
- Ажлын хэсгийн дэд хорооны нэг нь эрүүл мэндийн байгууллагын тоног, төхөөрөмжийн хангалт, чанар, загвар үйчилгээний өнөөгийн байдалд үнэлгээ хийх явдал юм. Иймд уг ажлын дэд хороо нь сүүлийн хоёр жилд эрүүл мэндийн байгууллагуудад хөрөнгө оруулалт болон хандив тусламжаар нийлүүлэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт, ашиглалт, тоног төхөөрөмжийн чанар, баталгаат засвар үйлчилгээ, дагалдах болон сэлбэг хэрэгслийн хангамжийг үнэлэн, энэ чиглэлийн тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, зөвлөмжийг боловсруулна.
- Барилгын асуудлыг асуухгүй өнгөрч боломгүй санагдаж байна. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламж, эзэмшил газрын ашиглалтын талаар маргаан, асуудал нэлээд гарах юм? Энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байна вэ?
- Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламж, түүний газрын эзэмшилтэй холбоотой асуудлууд яалт ч үгүй тулгамдсан асуудал болж байна. Нийслэлийн эмнэлгүүдийн барилга байгууламж нэлээд хуучирч, ашиглах боломжгүй байдалд хүрснийг та бүхэн мэдэж байгаа. Жишээлбэл, Нийслэлийн нүүр ам судлалын төвийн барилга, Энэрэл эмнэлгийн барилгууд ашиглах боломжгүйн улмаас эмнэлгүүд нь түгээсийн байранд шилжсэн. Нийслэлийн хоёрдугаар амаржих газрын барилга 1959 онд ашиглалтад орсон, их засвар хийсэн ч үр дүн муутай барилга байна. Нийслэлд шинээр баригдаж байгаа эмнэлгийн барилга угсралтын ажлууд удаашралтай байна. Үүнд, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа Нийслэлийн Эх, хүүхдийн төвийн 300 ортой барилга, Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа 150 ортой Гуравдугаар амаржих газрын барилга гэх мэт. Эмнэлгийн барилгын асуудал зөвхөн нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад яригдах асуудал биш. Эмгэг судлалын үндэсний төв өөрийн барилга байхгүй, Шүүх шинжилгээний үндэсний төвийн байшинд түрээсээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Барилга байгууламжаас гадна эмнэлгүүдийн эзэмшил газрын асуудал нэлээд маргаан дагуулдаг. Жишээлбэл, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл барих, автомашины зам тавигдах зурагтай газар руу хажуугийн орон сууцны барилга хашаагаа түрж барьснаас автомашин орж, гарах хөдөлгөөн хаагдах болж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлгийн эргэн тойронд олгогдсон газрын асуудлаас улбаадан түргэний автомашин орох, гарахад маш бэрхшээлтэй байна. Эмнэлгийн хашааны доторх автомашины зогсоолыг түрээсэлснээс үйлчлүүлэгч, эмч, эмнэлгийн ажилтнуудад зогсоолын төлбөрийн дарамт давхар үүсч байна зэрэг бэрхшээлийг тоочоод байвал асуудалтай. Гэхдээ бид энэ асуудлуудыг Нийслэлийн Засаг дарга, түүний ажлын албанд тухай бүрт нь тавьж, асуудлыг шийдвэрлэх гарцыг олж, тодорхой хэмжээнд шийдвэрлэж байна.
- Дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцсан Танд баярлалаа.
Сэтгэгдэл (2)