"Дайны эрсдлийн сан” нэрээр хуурамч данс бий болгож, ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт буруутгагдан яллагдсан МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг Улсын дээд шүүхэд хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгч өнөөдөр 12.00 цагаас өмгөөлөгчдийн хуралдаанд оролцохоор хойшлуулах хүсэлт гаргасан байна.Шүүгдэгч нарын эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцохоор хүсэлт гаргасан 17 өмгөөлөгчийн 7 нь шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хүрэлцэн ирсэн зарим өмгөөлөгчид Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит бус их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Дээрх хуралдаанд оролцох байсан 17 өмгөөлөгчийн 10 нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит бус их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон аж.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны 8 цаг 30 минут хүртэл хойшлууллаа. Хуралдаан даргалагч Хуульчдын Их хурлаас баталсан Хуульчийн мэргэжлийн хариуцлагын дүрмийн 4.5-д “хуульчид мэргэжлийн үйл ажиллагаагаа чухалчлах”-аар заасныг өмгөөлөгчдөд сануулаад цаашид шүүх хуралд хүндэтгэлтэй хандах хэрэгтэйг анхааруулав.

















































