
- Та өглөө ажилчдын хурал дээр орж нэгдлийн дарга нарыг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, сайн дураар өөрсдийгөө шалгуулахыг уриалсан гэлээ. Таны хэлсэн саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
- Өглөө Үндэсний зөвлөлдөө гомдох бичгээ өгье гээд орсон ч ажилдаа ирээгүй байсан. Мөн хамт олныхоо нийтийн хуралд оролцсон. Нийтийн хурал дээр ороод МҮОНТ-д болоод байгаа нөхцөл байдлын талаар би Үндэсний зөвлөлд өгсөн тайлбараа тэнд уншиж танилцуулсан. Бослого тэмцэл зохион байгуулаад байгаа цөөхөн хэдхэн хүний эсрэг би тууштай тэмцэнэ. Эрх ашгийн төлөө зүтгэж буй хэдхэн хүний эсрэг би олонхийн эрх ашгийг хамгаалж тэмцэнэ. Би ажил, албан тушаалтайгаа зууралдах гээд ингээд байгаа юм биш. Өнөөдрийн ажилчдын хуралд дээр “Би ажил албан тушаалаа өгсөн. Ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ нэгдлийн дарга нар өөрсдийнхөө ухамсраар хүсэлтээ өгөөд ажлаасаа чөлөөлөгдөөд шалгуулаач” гэж хэлэн уриалсан. Мөн “Би шалгуулъя, та бүхэн шалгуул. Хэрвээ асуудалгүй бол хэн, хэн нь буцаад ажилдаа ороход нээлттэй. Тиймээс өөрсдийнхөө хүсэлтээ ажлаа өгөөд шалгуул” гэхэд манай хамт олон алга ташсан. Тэр уур амьсгалыг хараад миний ажлыг хамт олон маань дэмжиж байгаа юм байна гэдэгт илүү итгэсэн. Би гарын үсгийг цуглуулж уран бүтээлчдийн нэрийг барьж тэмцэхгүй. Би ганцаараа тэмцэнэ. Шантрахгүй гэдгээ би хэлсэн.
- М.Наранбаатар даргыг хоёр талын байр суурийг шалгахыг Үндэсний зөвлөөс даалгасан гэлээ. Одоо шалгалт үнэхээр явагдаж байгаа юу?
- Өнгөрсөн пүрэв гаригт болсон Үндэсний зөвлөлийн хуралд М.Наранбаатар дарга ирээгүй. Баасан гаригт тушаал гаргахад М.Наранбаатар дарга ирээгүй. Би өглөөнөөс орой болтол өөртэй нь уулзах гэж албан өрөөгөөр олон удаа очсон. Туслах нь мэдэж байгаа. Мөн гар утас руу олон удаа залгасан утас нь холбогдохгүй байсан. Тэгтэл ажил тарахын үед гэнэт ажлаас халах тухай тушаал гарсан. Амралтын өдөр олон цахим мэдээллийн сайтуудаар миний ажлаас халагдсан тушаалыг тараасан. Тиймээс би өнөөдөр хэвлэлийнхэнд хандсан юм. Нэг дарга нь тушаал гаргачихаад тэр бичгийг нь бүх улс орон даяар цацсан. Миний нэр болон байгууллага, ажил албан тушаалын нэр хүнд гэж байна. Эхлээд улс орон даяар ажлаас халагдсан тушаалыг цацаж байсан бол одоо дэлхий нийтээр цацаж байна. Хэн нэгэн нь ажлаас халагдахад цахим хуудсаар тушаалаа гаргаад цацаад байх уу. Хойшид ийм муухай жишиг тогтчихвол яах вэ?. Ажлаас халагдсан жирийн уран бүтээлчийн тушаалыг ингэж цахим хуудсаар цацаад байх юм бол тэр хүн дараа нь яаж ажилд орох вэ?. Миний ажил хөдөлмөр цааш үргэлжилнэ. Намайг унагах гэсэн эсвэл тус телевизид буцаад ирэхээс айсан хүмүүс ийм үйлдэл хийж байна. Иймэрхүү зүйл хийгээд байгаа нөхдүүдэд хандаж хэлэхэд “Та бүхэн битгий сандар. Бүх зүйл удахгүй байрандаа орно” гэдгийг хэлмээр байна. Би нэр төртэй, хийсэн бүтээсэн зүйлтэй хүн. Тиймээс хэдхэн хүний шахалтаар гарахгүй. Би олонхийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэнэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)