Сангийн яамыг шүүмжилснээс болж Ч.Улаан сайд шүүгчдэд хатуурхах болжээ
Ирэх оноос шүүгчдийн цалинг бусад төрийн албан хаагчдынхаас 4-5 дахин нэмж, урамшуулалтайгаа нийлээд дунджаар 5,5 сая төгрөг байхаар тогтоод байгаа билээ. Шүүгчдийг хараат бус байлгах, авлига авахаас сэргийлж ийм өндөр хэмжээний цалинтай болгож байна. Барууны ихэнхи оронд шүүгчдийн цалин улс төрчдийнхөөс их байх жишиг байдаг. Харин Монголын хувьд ирэх жилээс шүүгчдийн цалин УИХ-ын гишүүдийнхээс хоёр дахин их боллоо. Гэхдээ энэ асуудал өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар байгаа юм. Учир нь УИХ шүүгчдийн цалин, хангамж ямар байхыг ерөнхийд нь хуульчилахаас илүүтэйгээр тэдэн төгрөг байна гэж тоо тавих хүсэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл шүүгчдийн цалин хэдэн төгрөг байхыг Шүүхий Ерөнхий зөвлөл дотроо тогтоох байтал УИХ-ын гишүүд тогтоох хэрэгтэй гэсэн үг гишүүдийн амнаас унаад байна. 2014 оны төсвийг яаран баталсан тул дөрөвдүгээр сард дахин тодотгол хийж, шүүгчдийн цалингийн тоог тогтоох гэсэн УИХ-ын санаа цухалзсаар байна.
Анх шүүгчдийн цалинг 3 сая төгрөгөөс дээш байх тухай хууль гарчихаад байхад Сангийн яамнаас дунджаар 700-800 мянган төгрөг байхаар оруулж иржээ. Үүнийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Ийм буруу тооцоогоор хууль гажуудуулж, төсөв хийж суудаг Сангийн яам ч гэж байх гэж дээ” хэмээн халаглажээ. Сангийн яамны энэ буруу тооцоог Н.Лүндэндорж хурал дээр буруушааснаас бол Ч.Улаан сайд шүүхтэй холбоотой асуудлууд дээр хатуурхах болсон байна. Шүүгчдийн цалинг 3 саяас дээш байна гэдгийг хуулинд заасан байхад яагаад ингэж 3-4 дахин бууруулж оруулж ирсэндээ Сангийн сайд олигтой тайлбар өгөөгүй аж.
Тиймээс Н.Лүндэндорж Ч.Улаан сайдыг “Хоосон магтаал, зусарч занд нь дасчихаад үнэн, хатуу үг сонсож чадахаа больсон юм болов уу” хэмээн дүгнэжээ. Ч.Улаан сайд яагаад хуулийг үл тоон шүүгчдийн цалинг багасгаж төсөвлөсөн нь одоо хүртэл сонирхол татсан хэвээр. Уг нь Н.Лүндэндорж, Ч.Улаан нар аспирантурт хамт сурч байхдаа нэг өрөөнд цуг амьдарч, нэг тогооноос хоол идэж , хол ойрын наймаанд хамт явдаг байсан ойрын найзууд байжээ. Гэсэн ч Ч.Улаан сайд Сангийн яамыг хурал дээр шүүмжилснээс болж ийнхүү хатуурхах болсон байна. Ч.Улаан олон удаа сайдын суудалд байсан хүн. Тэгсэн хэрнээ шүүмжлүүлснээсээ болж "юм үзээгүй" зан гаргасан нь бусдыг гайхашруулж орхижээ.



















































Сэтгэгдэл (22)