Монголын тэргүүлэгч аж ахуй нэгжийг эрэмблэхэд “Мобиком” корпораци яалт ч үгүй тэргүүн эгнээнд жагсана. Үүрэн телефоны анхдагч оператор гэгддэг тус компани харин ойрын үед хэрэглэгчдээ залилагч, бусдын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр худалдагч гэх мэт цочирдом мэдээллийн эзэн болоод байна. Дараа төлбөрт хэрэглэгчдийнхээ төлбөрийг үндэслэлгүйгээр нэмдэг, “Моби лото” нэрээр үйлчлүүлэгчдээ залилсан гэх мэт тус компанийн арга ажиллагаа нь бизнесийн орчин, эрүүл сэтгэлгээ гэдэг зүйлээс дэндүү хол байдаг олон хүний даралтыг ихэсгэх боллоо. Тиймээс хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагууд бүгд нийлэн “Мобиком”-ын эсрэг эхлүүлсэн дайнаа улам идэвхжүүлэхээр шийджээ. Өчигдөр л гэхэд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос “Мобиком” корпорацид дахин шаардлага хүргүүлсэн байна. Тус холбооны тэргүүн Н.Ганбямбын үзэж буйгаар “Мобиком” корпораци нь хэрэглэгчдийн барьцааны мөнгийг буцааж олгох асуудалд хойрго хандаж, хойш сууж байгаа гэнэ. Уг нь тус компани өнгөрсөн жилүүдэд хэрэглэгчдийн барьцааны мөнгө болох 10 орчим тэрбум төгрөгийг эргэлдүүлж, дахин ийм тооны хөрөнгө төвлөрүүлсэн гэнэ. Тиймээс хэрэглэгчдийн барьцааны мөнгөний хүүг буцаан олгох асуудлыг яаравчлуулахыг хүсчээ.
Харин “Мобиком” шаардлагыг биелүүлэх хүртэл хэр удаан “луу унжих”-ыг би тааж мэдэшгүй.
Мөн Оюуны өмчийн газар ч тус компанитай харилцаа муутай байна. Учрыг дэлгэрүүлбэл, “Мобиком” корпораци гурван жилийн туршид нөгөө хэдэн дуучдын маань дууг зөвшөөрөлгүйгээр гар утасны бүх үйлчилгээнд ашиглаж баахан мөнгө олжээ. Дуучид тус компанийн эсрэг аль хэдийн өргөдөл гомдлоо гаргасан ч хохирлыг бүрэн барагдуулсан үгүй нь одоогоор тодорхойгүй байна. Уран бүтээлчдээс хамгийн идэвхтэй тэмцэж буй дуучин С.Жавхлан л гэхэд саяхан хоолойгоо сааралтуулан, хүндээр санаа алдан, асар их түшгүүр, гунихралын байдалтайгаар ингэж ярив. Тэрбээр хамгийн сүүлд “Мобиком” корпорацид хандахад, хариуд нь “Манайх 13 сая төгрөг л олсон. Түүнийг нь өгье” гэсэн гэдэг. Тиймээс шүүхэд хандаж, шинжээч томилоход “Мобиком” корпораци С.Жавхлангийн дуунаас 300 орчим сая төгрөгийн орлого, ашиг олсон нь тогтоогдсон. Цэвэр ашиг нь 84 сая төгрөг болсон гэсэн. Мэдэгдэж байгаа нь энэ. Ер нь 300 сая ч бай 84 сая ч бай ямартаа ч С.Жавхлангийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон. 28 саяас дээш төгрөгийн асуудалд их хэмжээний оюуны өмчийн хулгай гээд эрүүгийн хэрэг үүсгэдэг. Гэвч шинжээчийн дүгнэлт гараад асуудал шийдэгдэж байх хооронд “Монгол контент” гэх компани гарч ирсэн бөгөөд тэд “Мобиком” корпораци С.Жавхлангийн дууг хулгайлаагүй, манай компани ашигласан гэж мэдэгдээд байгаа гэнэ.
Тиймээс Оюуны өмчийн газрынхан уран бүтээлчдийнхээ бүтээлийг "Мобиком"-оос ихээхэн хамгаалж байгаа гэнэ.
“Мобиком”-той эхлүүлсэн дайнаа ширүүхэн үргэлжлүүлж буй бас нэг газар нь ШӨХТГ. Тус байгууллага нь бас л хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага. "Мобиком" корпорацийн санаачилж гаргасан “Хосоор хожье” уриатай мобилотто сугалааны 3 дахь удаагийн азтан шалгаруулах ажиллагаа будлиантай болсон байж болзошгүй мэдээлэл цацагдаж, хэсэгтээ л сенсаац тарьсан. Гэвч тус компанийхан өөрсдийгөө энэ асуудлаас цэвэрхэн авч гарсан хэдий ч, тэдний үйл ажиллагааг хянаж байх үүрэгтэй ШӨХТГ-аас энэ хэргийг шалгаж үзээд тус компанид 10 сая төгрөгийн торгууль ноогдуулсан.Мөн дараа төлбөрт хэрэглэгчдийнхээ төлбөрийг хэд дахин нугалж нэмсэндээ мобикомыхон гэмшиж шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт мэдээлэл хүргүүлж хэрэглэгчдээсээ албан ёсоор уйчлал хүртэл гуйж байсан. Хүний мөнгийг санаан дураар нэмж аймшиггүй загнасан тус байгууллагад ШӨХТГ-аас бас л арга хэмжээ авсан билээ.
Нэгэн түүхийг сөхвөл миний ойрын найз маань Мобикомын хэрэглэгч бөгөөд ярианы төлбөр нь их гарсан даруйд тус компанийн лавлах руу утасдаж “Уучлаарай. Миний төлбөр арай л их гарсан байна. Би 100 мянган төгрөгөөр яриагүй” хэмээн учраа тайлбарлатал шалгаад эргээд хариу хэлье гэжээ. Удалгүй тус компаниас залгаж “Уучлаарай. Таны төлбөрийг багасгасан” шүү гэдэг.
Энэ мэтээр Дэвид Холлидэй захиралтай “Мобиком”-ын балаг дуусахгүй нь.
Т.Энхэлээ





















































Сэтгэгдэл (11)