Замын цагдаагийн газарт өчигдөр 320 дуудлага иржээ. Улмаар зам тээврийн осолд 14 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолоочийг журамлан саатуулж, гарч болзошгүй хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласан байна. Мөн зам тээврийн осол хэрэгт өртсөн бага насны хүүхэд хоёр бүртгэгджээ. Тухайлбал, БЗДүүрэг Цагдаагийн академийн өргөн чөлөө, Хууль сахиулах их сургуулийн урд замд УАЗ-22069 автомашины жолооч Б нь "Toyota Ipsum" маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч Лхагвасүрэн гэмтсэн байна. Мөн БГД Жамсранжавын гудамж, 83б байрны урд замд, "Lexus-470" автомашины жолооч нь явган зорчигч 70-р сургуулийн 2а ангийн сурагч найман настай эрэгтэй Н-ийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/


















































