Шинэ үндсэн хуулийн ойд зориулсан шатар сонирхогчдын 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү тэмцээнд нийслэл хот, 21 аймгаас шалгаран ирсэн 120 шатарчин оролцож байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын 10-аад депутат, УИХ-ын долоон гишүүн оролцож байна. Нийслэл болон 21 аймагт болсон анхан шатны тэмцээнд 1131 шатар сонирхогч оролцсон бөгөөд шалгарсан 120 шатарчин дээр Үндсэн хуулийн цэц, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо, Төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагыг төлөөлсөн шатарчид нэмэгдэж байгаа юм.





