
Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 5, зөрчлийн 1 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал, өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруунтурууны 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:28 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 9х8,5 метрийн хэмжээтэй мансардтай байшин шатаж, гал дэлгэрсан байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргаж шуурхай ажиллаж унтраасан. Мөн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Алтайн 28 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:57 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 8х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-н 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 14:25 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад 5 ханатай гэрт гал тогооны тавилга шатаж байсныг иргэд унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/