
А.Алтанбилэг хэмээх монгол инженерийн зохион бүтээсэн тусгай зориулалтын компьютерийг Японд өргөн ашиглаж эхэлжээ.Үйлдвэр, тоног төхөөрөмж гэх мэт найдвартай болоод зогсолтгүй ажиллагаа шаарддаг системийг удирдахад зориулагдсан “Lic-Z” хэмээх компьютерийн дизайныг нь Японы KSJ компанийн захиалгаар боловсруулж, программ болон техник хангамжийг нь зохион бүтээсэн аж. Тодруулбал, үүнийг энгийн компьютер бус тусгай зориулалтын сервер компьютерт ашиглах юм байна. Энэ бүтээл 4,200 ам.доллараар үнэлэгдэж байгаа ажээ. Өдгөө түүний бүтээсэн компьютерийг Японы “Тоёо Нэцү Когёо” компани үйлдвэр, албан газрын дулааныг хуваарилах, системийг удирдах үндсэн компьютерээр ашиглах боломжтой гэнэ. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн зах зээлийн хүрээгээр дэлхийд “толгой цохидог” Японд энэ онд болох электроникийн үзэсгэлэн худалдаанд А.Алтанбилэг нь бүтээлээ танилцуулахаар зэхсэн бөгөөд ирэх онд Сингапурт болох үзэсгэлэн худалдаанд мөн үзүүлэхээр бэлтгэж буй юм байна. А.Алтанбилэг нь МУИС-ийн Физик, электроникийн сургуульд суралцаж, улмаар Японы Засгийн газрын тэтгэлгээр Токиогийн их сургуулийг энэ чиглэлээр амжилттай дүүргэжээ.