
Эрүүгийн цагдаагийн газар болон Мөрдөн байцаах газрынхны хамтарсан шалгалтаар уржигдар хар тамхины томоохон сүлжээ илрүүлсэн байна. Тодруулбал, Монгол Улсын иргэн Г, С, Э, О нар нь бүлэглэн мансууруулах бодисын төрөлд орох “ICE” буюу “Мөс”-ийг бусдаас хууль бусаар худалдан авч, улмаар Сүхбаатар дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт буюу Тээврийн товчооны орчим машиндаа хэрэглэж байсныг эд мөрийн баримтын хамт баривчилсан байна. Мөн иргэн Х нь Баянгол дүүргийн 17-р хороо, “Од” кино театрын орчим “Мөс”-ийг бусдад зарж борлуулж байсныг илрүүлэн саатуулжээ.
Тэгвэл хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ахлах байцаагч, Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Тийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ тухайн хар тамхийг хэрэглэж байсан гэх нэг л сэжигтэн байгаа. Харин хамт явж байсан гурван иргэнээс нь мөн байцаалт авч байгаа. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Сэжигтнээр татсан иргэнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)