
“Энх мэндийн харваа” шагайн харвааны тэмцээн Төв аймгийн Зуунмод хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь зэрэг аймгуудаас нийт 56 багийн 392 харваач цэц мэргэнээ сорин өрсөлджээ. Тус тэмцээн ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй ажээ. Тэмцээнд оролцогчдын хамгийн балчир нь Төв аймгийн Баянжаргалан сумын 12 настай н.Энхбат хүү байсан бол хамгийн өндөр настай нь 89 настай н.Санжаагэндэн гуай байв. Монгол Улсын үлэмж мэргэн 25, гарамгай мэргэн 18, дархан мэргэн 21, дэд мэргэн 29, Аймгийн гоц мэргэн 27 оролцож цэц мэргэнээ сорьсноос нэгдүгээр байрыг С.Эрдэнэбаатар ахлагчтай Баатар номун ХХК-ны баг, удаах байрыг Ц.Шинэбаяр ахлагчтай Аврагч спорт хорооны баг, гуравдугаар байрыг Ц.Мөнжаргал ахлагчтай Булган аймгийн баг тамирчид тус тус эзэлжээ.