
Энэ сарын 8-нд буюу өнгөрсөн мягмар гаригт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Баянзүрх хотхоны 106 дугаар байрны хоёрдугаар давхарын цонхноос бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын албанд ирсэн талаар бид мэдээлсэн. Улмаар дуудлагын дагуу Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийнхэн очиж, дээд давхарын айлын цонхоор дамжин ороход хоёр настай эрэгтэй хүүхэд цонхныхоо тавцан дээрээ гарч зогссон байсныг буулгаж, амийг нь аварч хамгаалсан юм. Энэ бол яах аргагүй эцэг, эхийн хайрхамжгүй байдал. Гэвч энэ нь бас өөр талтай ч байж мэдэх. Хэдий харах хүнгүй хүүхдээ ганцааранг орхиод явж байгаа эцэг, эхийн буруу ч цэцэрлэгт өгч болохгүй шалтгаан бас гарч ирж байгаа юм. Учир нь бага насны хүүхдийг цэцэрлэгийн багш нь зоддог тохиолдлууд олон удаа гарч байсан. Тэгвэл эл хүүг ч цэцэрлэгийнх нь багш зодож гэмтээснээс болж хүү гэртээ байх болжээ. Тодруулбла, өмнө нь энэ хүү 50 дугаар цэцэрлэгт явдаг байсан ч багш нь зодсоноос болж гэрээр хүмүүжих болсон байна.
Тэгэхээр манай нийгэмд цэцэрлэгийн багш нар ямар хүнд сурталтай болсон, тэдэнд хүүхдээ даатгаж үлдээх эцэг, эхчүүд ч ховор болсоныг харуулж байна. Энэ бүхнээс үүдэлтэй гэртээ үлдсэн хүүхдийг харах хүнгүй болж таардаг. Харин эцэст нь эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас болсон гэх нөхцөл байдлууд үүсдэг. Өөрөөр хэлбэл, гэртээ ганцаараа байгаа хүүхэд гэмтэж бэртэх, янз бүрийн эрсдэл рүү орох байдал нь өндөрсдөг билээ.
Д.Ундрах /24tsag.mn/