
Чингэлтэй дүүргийн зургаадугаар хороонд Хувьсгалчдын гудамжинд зургаан настай эрэгтэй Б гэгчийг тоглож байхад нь Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд оршин суух 30 настай Г гэгчийн нохой баруун хөлийг нь хазаж гэмтээжээ. Тухайн хэргийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо шалгаж байна. Тэгвэл нохой хүн хазсан хэрэгт эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар хэрэг үүсгэдгийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйл ангид Орчин тойрондоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүйгээр байлгасны улмаас хүний бие махбодид хөнгөн буюу хүндэвтэр гэмтэл учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох буюу гурван сар хүртэлх хугацаар баривчлах ялаар шийтгэнэ.
Харин Эрүүгийн хуулийн 201.2-т зааснаар “Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учруулсан бол 3-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах эсвэл 5 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг. Ер нь гэрийн тэжээвэр амьтдыг хараа хяналтгүй, хамгаалалтгүй байлгаснаас хүнд аюул учруулвал энэ нь эрүүгийн хуулиар шийтгэгддэг юм байна. Тэгэхээр иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогдсон бол хамгийн багадаа 500-5 сая төгрөгөөр торгуулж эсвэл 5 хүртэлх жилээр ял авна гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)