
Гарал үүсэл нь тодорхойгүй хуурамч болон стандартын шаардлага хангаагүй архи худалдаалсан талаар бид мэдээлж байсан. Тэгвэл яг хаана, хаана ямар архинуудыг худалдан борлуулж байсныг дэлгэрэнгүй мэдээлж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хураан авч битүүмжилсэн "Чинтолгой" ХХК-д үйлдвэрлэсэн гэсэн шошготой “Арслант”, "Шинэ эхлэл" ХХК-ний архины үйлдвэрт үйлдвэрлэсэн гэсэн шошготой “Их Монгол” нэрийн архины дээжийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторит шинжлүүлэхэд шинжилгээний дүнгээр “Арслант” нэрийн архинд гадны биет хөвсөн, механик хольцтой, үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй, хатуулаг 31,0%, гарсан нь МNS 179:2009 стандартын шаардлагыг хангаагүй, онцгой албан татварын тэмдэг /акц/-гүй, үйлдвэрлэлийн аргаар бус, гар аргаар хийсэн хуурамч архи болох нь нотлогдсон.
“Арслант” нэрийн архийг хуурамчаар үйлдвэрлэсэн ЧД-ийн иргэн н.Хүрлээг Цагдаагийн байгууллага шалгаж байна.
Мөн “Их Монгол” нэрийн архи нь үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй, химийн шинжилгээгээр хатуулаг - 40,8%, альдегид - 4,19 мг/л гарч "Согтууруулах ундаа. Цагаан болон өвөрмөц архи”. Техникийн ерөнхий шаардлага. МNS 179:2009 стандартын шаардлагыг хангахгүй дүнтэй гарсан байна. Их Монгол нэрийн архийг үйлдвэрлэдэг “Шинэ эхлэл” ХХК-ний архины үйлдвэрт хяналт шалгалт хийж, тухайн үйлдвэрийн үйл ажиллагааг зөрчил арилах хүртэл хугацаагаар улсын байцаагчдын хамтарсан актаар түр зогсоож, 1.400.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч төсөвт төвлөрүүлэн ажиллажээ.